Азийн хөгжлийн банк нь улс, бүс нутгийн чанартай авто зам, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг өргөн хүрээний чиг баримжаатай томоохон дүнтэй хөрөнгө оруулалт шаардах төслүүдээс гадна хувийн хэвшлийн өсөлт, тэлэлт рүү анхаарал хандуулж эхэлсэн. Үүний жимээр ээлжит хэвлэлийн аяныг тус банк зохион байгуулсан билээ. Хэвлэлийн аян Улаанбаатар хот болон Төв, Дархан-Уул аймагт үргэлжилсэн юм.
Дархан хотыг бид хүнд аж үйлдвэрийн төв, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Дүүжин гүүр, 16 давхар, Дархан 50 цогцолбороор төсөөлөх, эдгээр үйлдвэр, бүтээн байгуулалтаар нь тодотгож ирсэн. Мөн шинэ, хуучин Дархан гэж ялган авч үздэг. Сүүлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нүүсэн. Хараа голын хөндийд илгээлтийн эздийн сүндэрлүүлсэн Дархан хотыг нэгэн цаг үед "Найрамдлын" бэлгэ тэмдэг болгодог байлаа. Юмс хуучирсан ч хөшөө дурсгал хэвээр, он жил улирсан ч түүх өгүүлнэ. Аж үйлдвэрийн үндэс суурь болсон Дархан хотын нэрийн хуудас бол "Цасхан". Аймаг, орон нутгийн брэндүүд олон. Амжилттай танигдсан нь бий. Тэдний нэг нь "Цасхан" зайрмаг юм.
Том жижиггүй дурлах, хүүхэд багачуудын шимтэх амттан "Цасхан" зайрмаг Азийн хөгжлийн банкны зээлийн босго шалгуурыг давж, сүү боловсруулах зайрмаг үйлдвэрлэх хагас автомат машин авах зорилгоор 700 сая төгрөгийн зээлийг Голомт банкаар дамжуулан 2020 оны 7 дугаар сард жилийн 8 хувийн хүүтэй авчээ. Үүний үр дүнд өдөрт 3 тонн ариутгасан сүү боловсруулах болон зайрмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө үйлдвэрлэгчид оруулж ирэн угсарч эхлэн, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд шинээр 4 ажлын байр орон нутагт бий болох аж.
"Цасхан" зайрмагны үйлдвэрлэгч нь "Дархан Цасхан Сүү" компани юм. Тус компани нь 2019 онд "Дархан хүнс" хувьцаат компанийн охин компани болж байгуулагдсан бөгөөд жилд 11 төрлийн 1,000,000 орчим зайрмаг, 8 төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 25 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Дархан хот, Дархан-Уул аймгаар зогсохгүй ойролцоох Сэлэнгэ, Төв аймаг, сумын хэрэглэгчдэд цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлж, үндсэн түүхий эд болох үнээний цэвэр сүүг ойролцоох малчид, фермерүүдээс татан авч иржээ.
Төслийн удирдагч Н.Ганбат "Төслийн санхүүжилтээр авсан тоног төхөөрөмжөө оруулж ирэн угсарч хараахан дуусаагүй байна, гэхдээ хүрэх үр дүнгээ бид маш эерэгээр төсөөлж байгаа. Хөрөнгө оруулалтаар ISO нэвтрүүлэн шаардлага хангасан үйлдвэрийн шинэ орчинд чанар стандартад нийцсэн ариутгасан сүү үйлдвэрлэх, импортын зайрмагийг орлуулах амт чанар сайтай, иштэй, аягатай, торхтой олон төрлийн зайрмаг үйлдвэрлэх, үйлдвэрийн байрны цэвэрлэгээний системийг олон улсын стандартын дагуу хийх боломжтой тоноглол бий болох учраас хэрэглэгчдэд илүү найдвартай чанартай бүтээгдэхүүн хүрнэ" хэмээн онцолсон юм.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин болон хэвлэлийн аяны багийг хүлээн авч, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, АХБ-ны зээл тусламжаар тус аймагт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг онцолж, Дарханчуудынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлсэн юм.
Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар Дарханы төв цэвэрлэх байгууламж болон Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам, нэг ээлжиндээ 960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын эко сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв үүд хаалгаа нээж, орон нутгийн иргэдэд үр шим, ашиг тусаа өгч эхэлсэн төдийгүй төв болон хойд бүс нутгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Эдгээрээс гадна орон нутаг дахь хувийн хэвшилд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхэд АХБ оролцож, үр дүнд нь Дарханы брэнд болсон "Цасхан" зайрмагны үйлдвэрлэгчид шинэ амбийц, үйлдвэрлэлийн өндөр хүчин чадалтайгаар зах зээлд байр сууриа батжуулж, хэрэглэгчээ улам тэлэхээр байна. "Цасхан" брэндийн онцлог нь олон жилийн турш амт чанараа алдаагүй, хүмүүсийн бага насандаа идэж дурсамж, анхны амтыг дахин дахин мэдрүүлж байдагт оршдог байна. Дарханд зорин ирсэн хол ойрын зочны заавал амтлах идээ гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга онцолж, орон нутгийн брэндээ сурталчлах үүднээс нэрийн хуудасныхаа нэг талд "Цасхан" зайрмагны зургийг байршуулж, зочдод өгдөг гэж байсан нь онцгой сэтгэгдэлд төрүүлж байлаа. Та Дарханд очих бол "Цасхан"-ыг амтлаарай. Намрын халуун өдрүүдэд онцгой санагдах болно.