-Азийн хөгжлийн банкны төслийн үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, борлуулалт нь өсжээ-
Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, өөрсдөө бүтээдэг, үйлдвэрлэдэг улс болох тухай яриа олон жил үргэлжилсэн. Төр засгийн бодлого ч алдаа, оноотой үүний төлөө зорьсон. Хувь хүн, хувийн хэвшил ч хамаг чадлаараа зүтгэсэн. Залуу нас, хүсэл мөрөөдлөө олон хүн үндэсний үйлдвэрлэлээ босгож ирэхэд зориулж элээсэн. Үр дүнд нь өрсөлдөөнт зах зээл, цаг хугацааны сорилтыг даван туулж, одоо л үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ босоод ирж байна гэсэн итгэл үнэмшил батжиж байна. Ийм дүгнэлт рүү хөтлөн авчирсан үйлдвэр бол 24 жилийн түүхтэй “Best Shoes” компани байлаа.
Гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн хамт олон дотоодын зах зээлд өөрийн байр сууриа аль хэдийнэ эзэлж, харилцагч, хэрэглэгчдийнхээ найдвартай түнш, итгэлт нөхөр нь болж чаджээ. Жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй, зогсолтгүй үйл ажиллагаа явуулах “Best Shoes” ” нь жилдээ 60,000 гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа өнгөрсөн хугацаанд байнга өсөн нэмэгдүүлж, дээрх түвшинд хүрч иржээ. Өдөр болгоны хичээл зүтгэл нь тэдний өнөөдрийн амжилт, ололтын тод илэрхийлэл аж.
“Дэлхийд үнэлэгдэх Монгол гутал” уриаг үйлдвэрийнхээ хүрэх амжилт, хөгжих стандарт, тулах цэг, урам зориг болгосон “Best Shoes” компанийн үйлдвэр 2020 онд Германы “Армоно” корпорацын итгэмжлэлээр олон улсын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, гутал үйлдвэрлэлийн процесс нь илүү жигд, чанартай болсон байна. Стандарт дагаж хөгжил, шинэ шалгуур тавигдсанаар дэлхийд үнэлэгдэх үнэ цэнийг тэд хамт олноороо бий болгож, чанар, загвар шат шатанд улам дэвшин ахисан гэдгийг тодотгож байна. Гутал үйлдвэрлэлийн салбар дотроо олон улсын стандартыг үйлдвэрлэлийн шат дамжлага системд нутагшуулсан гэдгээрээ тэд анхдагч аж.
Үйлдвэрийн байрны хоёр давхар дахь бүтээгдэхүүний үзүүлэнгийн танхимаас “Best Shoes” компанийн хамт олны олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөлс хүч, ур ухаан, өсөлт дэвшил, тэвчээр, хичээл зүтгэл харагдана. Цэлгэр цонхтой уужим танхимын хана дагасан тавиураар өрсөн гоёлын, аяллын, хөдөлмөр хамгааллын гээд бүхий л төрлийн хийц загвар шингэсэн гутлууд нь нүд булааж, анхаарал татна.
“Best Shoes” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах завшааныг Азийн хөгжлийн банкнаас жил тутам санаачлан тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн аян олгосон юм. Хэвлэлийн аяны зорилго нь тус банкнаас зээл санхүүжилтийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үр өгөөж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг нүдээр үзэх, газар дээр нь очих нөхцөлийг бүрдүүлдэгт оршино.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн аян энэ удаа Улаанбаатар хот болон Төв, Дархан-Уул аймагт үргэлжилсэн юм.
Хэвлэлийн аяныг Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин ахлан, төслүүд хариуцсан холбогдох мэргэжилтнүүд болон сэтгүүл, мэдээллийн сайт, телевиз, өдөр тутмын сонины сэтгүүлчдийн цуваа үйлдвэрлэгчдийн зүг хөдөлсөн юм. Бидний эхний зогсоол “Best Shoes” байсан нь энэ.
Өдөрт 400 гаруй хос гутал үйлдвэрлэх “Best Shoes” компани нь Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөлд хамрагдаж, 2019 онд 1.4 тэрбум төгрөгийн зээлийг авснаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг өсгөх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх, чанарын хяналтыг сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Төслийн үр дүнд түүхий эдийн найдвартай нөөцийг бүрдүүлж, бүтээгдэхүүний тоо, чанар, нэр төрөл нэмэгдэж, загвар дизайн сайжирсан байна.
Мөн загвар захиалгын тасгийг дамжлагын шугамд оруулж өдөрт үйлдвэрлэх гутлын тоо хэмжээ нэмэгджээ. Үйлдвэрлэлийн гарц, бүтээмж өсөхөд ажиллах хүч хамгийн чухал. Ажлын хөдөлгөгч хүч нь хүн, техник хоёр. Тэгвэл төслийн хүрээнд шинээр 20 гаруй ажлын байр бий болж, ажилтны тоо нь 100 давсан байна. Хэрэглэгчдэд гоёлын болон хөдөлмөр хамгааллын бүх төрлийн загварын гутал үйлдвэрлэн нийлүүлдэг “Best Shoes” компани дотоодын арьс боловсруулах үйлдвэрүүдээс үндсэн түүхий эдээ авч, малчны эдийн засагт шууд бус байдлаар хувь нэмрээ тогтвортой оруулж байна.
“Чанартай, хүний хөлд тав тух мэдрүүлсэн сайн гутал хийх нь бидний зорилго. Манайхаас гутал авсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага заавал эргэж холбогддог, дахин захиалга өгдөг” хэмээн нүүр бардам өгүүлэх эрхэм бол “Best Shoes” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Түвдэнням юм.
Түүний тухай өгүүлэхэд, гутлын загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжилтэй. Ажил, амьдралын гараагаа гуталтай холбосон тэрээр хуучнаар гутлын үйлдвэрт ажиллаж, тэнд л гутал хийх арга ухаанд суралцаж, 2001 онд компаниа байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдийн эгнээг тэлжээ.
“Best Shoes” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Түвдэнням “Үргэлж л өсөлт хөгжил, шинэ санаачилга, сайн материал, загвар хийц, техник технологийн дэвшил рүү эрэл хайгуул хийж байдаг нь үйлдвэрлэгчдийн ажил, онцлог байх. Төслийн бага хүүтэй зээлийг авснаар манайх хүчин чадлаа нэмэгдүүлээд зогсохгүй үйлдвэрлэл, борлуулалтаа өсгөсөн. Арьс боловсруулалтын технологи дээр ч дэвшил гарсан. Эдгээрийн үр дүнд гутлын чанарыг дээшлүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн” гэв.
“Best Shoes” компанийн хамт олон төмөр зам, уул уурхай, боловсруулах үйлдвэр, цэрэг, цагдаагийн байгууллага гээд төр, хувийн хэвшлийн захиалгаар хөдөлмөр хамгааллын шаардлагад нийцсэн ажлын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ хувь хүнээс хэмжээг нь авч захиалгаар гутал урлаж, үндэсний үйлдвэрлэлийн нүүр царай, өнгө төрхийг тодорхойлж, хөгжлийг түүчээлж явна.
Азийн хөгжлийн банк 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ стратегиа хэрэгжүүлж эхэлсэн цаг үед хэвлэлийн аян зохион байгуулагдаж, шинэ стратеги хувийн хэвшлийн хөгжилд онцгойлон төвлөрч байна. Энэ нь хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэлд хүрэх зээл санхүүжилт нэмэгдэх, ажлын байр бий болох, хувийн хэвшлийн орон зай, цар хүрээ тэлэх, өрсөлдөх боломж сайжрах угтал үүд юм.
Азийн хөгжлийн банктай Монгол Улс хөгжлийн түншлэл тогтоогоод 30 гаруй жилийг туулж өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд улс орны хөгжлийг тодорхойлох нэн чухал салбарт хамтран ажиллаж ирсэн байдаг. Тодруулбал, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, санхүү, хөдөө аж ахуй зэрэг салбарт шинэ боломжуудыг хамтаар нээж, өнөөдрийн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан түүхтэй. Тэгвэл шинэ түүх эхлүүлэх шинэ стратеги нь үндэсний үйлдвэрлэл, тэр тусмаа хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл гээд үндэсний онцлог шингэсэн хувийн хэвшлийн өсөлт хөгжлийг тэтгэн дэмжихээр байна.