Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 3000 орчим гадаад дотоодын инженер, мэргэжилтнүүд ажиллаж байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад шинэ аж үйлдвэрийн суурийг тавих Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Үйлдвэрийн иргэний бүх барилга байгууламжууд, ус дамжуулах систем, тэдгээрийн эрчим хүчний байгууламж, талбайн ил, далд дэд бүтцийн барилга угсралтын ажил 2024 онд дуусч, байнгын ашиглалтад хүлээн аваад байна.
Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудын өндөр төвөгшилтэй, үйлдвэрлэхэд хугацаа их шаардагдах овор ихтэй тоног төхөөрөмж, багц байгууламжуудын захиалга хийгдэж, тэдгээр нь БНЭУ, АНУ, Франц, Австрали, Хятад зэрэг улс оронд үйлдвэрлэгдэж байна. Атмосферийн болон Вакуум нэрлэгийн цамхагууд болон эхний ээлжийн даралтат савуудыг энэ оны сүүлээр үйлдвэрийн талбай руу тээвэрлэж эхлэх аж.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд технологийн болон хангамжийн байгууламжууд хооронд түүхий тос, завсрын бүтээгдэхүүн, даралтат уур, ус зэргийг дамжуулах төрөл бүрийн хэмжээтэй, хэдэн зуун км-ээр хэмжигдэх ил, далд шугам хоолой, тэдгээрийн тулгуур, мөн тоног төхөөрөмж, эрчим хүч, холбооны кабель шугамын эстакадын барилга угсралт хийгдэж байна.
EPC 02 ба 03 багц ажлын хүрээнд 20.000 тн шугам хоолойн эстакадын ган шаардагдах бөгөөд энэ жилийн хувьд 17.000 тн-ыг угсрахаар төлөвлөж байна. Үйлдвэрийн талбайн томоохон хэсгийг эзлэх 41 агуулах сав, резервуар бүхий парк баригдаж байгаа бөгөөд нийт 10.000 тн ган бүтээц шаардагдана.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 7 дэд станцтай байх бөгөөд 38 МВт хүчин чадалтай Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц (ДЦС)-ын дэд станц, хяналтын байгууламжийн барилга угсралтын ажил явагдаж байна. ДЦС-ын уурын турбингенераторыг ХБНГУ-ын Siemens, уурын зуухыг Их Британийн Woods/Foster Wheeler компанийн зураг төсөл захиалгын дагуу үйлдвэрлэж байна.
Түүхий тос дамжуулах 528 км хоолойн барилга угсралтын ажил эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 518 км хоолойг гагнаж холбож, үл эвдэх тестийн радиографын, хэт авианы, соронзон бөөмийн сорилуудыг хийж байна. Нефтийг алсын замд тээвэрлэх анхны энэхүү дэд бүтэц нь дамжуулах хоолойноос гадна толгой станц, хүлээн авах станц болон халаах, өргөх, шахах дундын 4 станцаас бүрдэнэ. ГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажилд өнөөдрийн байдлаар 3000 орчим гадаад дотоодын инженер, мэргэжилтнүүд ажиллаж байна.