Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
“Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл”-ийн барилга угсралтын ажлын энэ долоо хоногийн ажлын гүйцэтгэлийн мэдээг танилцуулж байна. Тайлант хугацаанд захиалагч талаас найман Монгол инженер, техникийн ажилтан, гүйцэтгэгч талаас 77 Хятадын мэргэжилтэн, туслах ажилчид төслийн талбайд ажиллажээ.
 
Машин механизмын хувьд гүйцэтгэгч тал 35 нэгж техник ашигласан бөгөөд шон суурь өрөмдөгч, усны машин, ковш, миксер, ачигч, автокран, түлшний машин, экскаватор зэрэг үндсэн техникүүдийн тусламжтайгаар бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. 
 
Барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд хаалттай бүсийн торон хашааны 14.9 хувь, тусгаарлах хашааны суурийн ухалт 77.3 хувь, баганын суурийн бетон цутгалт 42.2 хувь, угсралтын ажил 11.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүүрийн шонгийн суурийн ажил 4.8 хувьд хүрсэн бол ажилчдын 24 түр байрыг бүрэн угсарч дуусжээ.
 
Байгаль орчны чиглэлээр гүйцэтгэгч тал болон захиалагч тал хамтран Зээрд-1, Зээрд-10, Хүслэнт-2 зэрэг худгийн байршилд газар дээр нь ажиллаж, ус ашиглалтын боломжийг үнэлсэн байна. Эдгээр худгуудыг ашиглах боломжтой гэж үзсэн бөгөөд нэмэлтээр нэг шинэ худгийн хайгуул хийхээр тохиролцлоо.
 
Мөн Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын удирдлагуудтай уулзаж, төслийн байгаль орчны үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Ийнхүү төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэлийн хувь өдөр тутам ахиж байгаа талаар төслийн баг мэдээллээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.