Г.Эрдэнэтуяа: Зэсийн рояалти бол энэ салбарыг тэлэхгүй байлгах, боомилж байгаа нэг хүчин зүйл
19 Цагийн өмнө
139
Г.Эрдэнэтуяа: Зэсийн рояалти бол энэ салбарыг тэлэхгүй байлгах, боомилж байгаа нэг хүчин зүйл
Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн салбар хуралдаан "Тогтвортой олборлолт" сэдвээр үргэлжиллээ. Тус салбар хуралдаанд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, The Asia Group-ийн Удирдах партнер Курт Тонг нар панелистээр оролцлоо.  
 
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Олон улсын хэмжээнд иргэдийн тавьж байгаа шаардлага өндөрсөж, нарийсаж байна. Иймд олборлолт хариуцлагатай байх ёстой гэсэн суурь ойлголт хүчээ авсан байгаа. Олон улсын уул уурхайн ESG стандартад нэгдэх ажил хоёр жилийн өмнө эхэлсэн. Энэ стандартыг Канадын уул уурхайн ассоциацийн стандарт дээр тулгуурлаж ирэх жил эцэслэхээр боловсруулалт, бэлтгэл ажлууд хийгдэж байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, бүтээгдэхүүний үнийг өсгөхөд өндөр ач холбогдолтой. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт, олон нийт, орон нутгийн харилцаа, улс төрийн гэх зэрэг олон асуудал тулгардаг тул энэ олон оролцогч талууд нэг хэлээр ойлголцох боломжийг энэ стандарт олгох юм. Нэг компани хэрэгжүүлээд хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд үр дүн өндөр гарсан байгаа. Цаашид өмчийн хэлбэрээс үл хамаарч, салбарын хэмжээнд нэг стандарттай болох нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдтэй харилцаа сайжрахад ач холбогдолтой" гэв.
 
Олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Г.Эрдэнэтуяа захирал дараах байр суурийг илэрхийлсэн юм.
 
Тэрбээр "Хуулийн өөрчлөлтүүд уул уурхайн тулгамдсан асуудалд чиглэж байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй. Тухайлбал одоогийн зэсийн рояалти бол энэ салбарыг тэлэхгүй байлгах, боомилж байгаа нэг хүчин зүйл. Үнэхээр уул уурхайн салбарыг хөгжүүлье гэж байгаа бол энэ салбарт тулгамдаж байгаа цөөн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал, Геологи хайгуулын ажиллагааг эрчимжүүлэх, Хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэх, АМНАТ-ыг бууруулах, Алт олборлолтыг нэмэгдүүлэх, Францын Орано Майнингтай байгуулсан гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг эхлүүлэх гэх мэт. Бид эргэж хараад мэтгэлцэх бус цаг алдалгүй урагшлах шаардлагатай байна. Хөрөнгө оруулагчид ерөнхий хуулиудыг хараад ороод ирдэг. Гэтэл 400 гаруй хуулийн 100 гаруй нь уул уурхайтай холбогдож байгаа тул хууль эрхзүйн орчинд бодитой өөрчлөлтүүдийг хийж байж хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ. УИХ болон Засгийн газар хийж байгаа ажлуудынхаа талаар маш зөв мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт татна гэж амласан хэр нь орон нутагт очоод иргэд зөвшөөрөхгүй бол үйл ажиллагааг явуулахгүй гэж хэлдэг нь үйл явц тэлэхгүй байх хамгийн том шалтгаан болж байна" гэлээ. 
 
The Asia Group-ийн Удирдах партнер Курт Тонг "Монгол Улсын хувьд уул уурхайн хувьд давуу талаа оновчтой ашиглах хэрэгтэй. Ухаалаг геополитикийн харилцааг хөгжүүлэх нь чухал. Энэ нь бүгдтэй сайн харилцаатай байх хэрэгтэй гэсэн үг юм. Эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт татах нь хоёр шаттай арга хэмжээг шаарддаг. 1 дүгээрт Монгол Улсын талаар ойлгуулах, 2 дугаарт хөрөнгө оруулалтын өгөөжтэй байлгах хэрэгтэй" хэмээн өөрийн байр сууриа хуваалцсан юм. 
 
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Бид эдийн засгаа хөгжүүлье гэвэл уул уурхайн салбартаа хөрөнгө хийх шаардлагатай. Үүний дараа тогтвортой олборлолт, тогтвортой хөгжил яригдах ёстой. Эрдэнэт Үйлдвэрийн тухайд 68 орчим сая 2024 онд геологийн нөөцөө 3,4 тэрбум тонноор батлууллаа. Эрдэнэт Үйлдвэр зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажил ахицтай явж байгаа. Цаашилбал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Эрдэнэт үйлдвэр зэсийн 20% Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлж байгаа цорын ганц аж ахуйн нэгж. Энэ хувийг улс дахин харж үзэх хэрэгтэй. АМНАТ өндөр байхад нөөц багасдаг. Бидний ашиглаж чадах нөөц багасаж байгаа нь АМНАТ буурлаа гэхэд бусад татвараараа улсдаа төлөлт хийгдээд явна. Бид татварын суурийг тэлэх буюу татвар төлөх олон аж ахуйн нэгжийг бий болгох нь чухал юм. АМНАТ нь тонн тутамд суудаг зардал учраас уурхайн насыг богиносгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бага агуулгатай ордыг ашиглах боломж нээгдэнэ. Улс татвар төлөгч олон компанийг бий болгох бодлого барих шаардлагатай. Мөн жишиг үнийн хувьд тээвэрлэлт, хил дээр төлсөн хоёр талын татвар хураамж шингэсэн жишиг үнээс АМНАТ боддог. Өөрөөр хэлбэл боомтын үнэд ордог дүнгээс АМНАТ боддог гэдгийг хэлэх нь зүйтэй" хэмээн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлыг хөндсөн юм.
 
Эрдэнэт үйлдвэрийн хувьд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд түүхэн чухал үүрэг хүлээж ирсэн. Тус үйлдвэр үндсэн үйл ажиллагаанаас гадна 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотын тулах цэг, хойд бүс нутагт аж үйлдвэрийг хөгжүүлэхэд томоохон түшиц. Сүүлийн жилүүдэд худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, хүний хамаарлыг багасгах гэж зорьж буй.
 
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон "Геологийн салбарт хиймэл оюун ухаан эрчимтэй нэвтэрч байна. Хиймэл оюун ухаанаар нээгдсэн ордууд ч бий. ТӨҮ-ийн засаглал, орсон гарсан мөнгөн урсгалыг нээлттэй болгох нь миний үүрэг. Төрийн өмчийн компанид энэ маш чухал. Хиймэл оюун ухааныг худалдан авалтад нэвтрүүлэх ажлыг ажлаа авсан цагаас эхлэн нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Олон зуун тендерийг бид үүгээрээ үнэлээд явж байна. Намар үүнийгээ Засгийн газарт танилцуулна. Тендерийн тухай хуульд хиймэл оюуны заалт байхгүй тул бид эцсийн шийдвэрийг хүн гаргаж байгаа. Хиймэл оюунаар үнэлгээг маш хурдтай хийх боломж бүрдэж байна" гэв. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.