Монголын эдийн засгийг тодорхойлох уул уурхайн салбар тодорхойгүй байдалд орлоо. Ийм ойлгомжгүй, тодорхой бус байдлыг төрийн бодлого тодорхойлох улстөрчид гэнэт үүсгэж орхив. Туйлдсан эдийн засгийг сэргээх цор ганц итгэл найдвар болж буй уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт, шинэ төсөл ярих боломж нөхцөл улам хумигдаж байна. Хөгжил хүрээгүй бүс нутагт уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжих, тэнд шинэ ажлын байр, шинэ зах зээл бий болох, ард иргэдийн орлого нэмэгдэх, амьжиргаа сайжрах хүлээлт алдарлаа.
Улстөрчид өөрсдийн дур зоргоороо аашилж, гэнэтийн шийдвэр гаргаснаар урагшилж явсан уул уурхайн зарим төсөл царцлаа. Тогтворгүй, тодорхойгүй уур амьсгал бизнесийн орчинд ноёлж, ачаалал нь хэтэрсэн хувийн хэвшлүүд сөхөрч унахад ойрхон байна. Мохох, шантрах, Монголдоо хийж бүтээх хүсэл зорилго хөсөр хаягдаж байна.
Нэг үеэ бодвол бага ч атугай сэргэлт ажиглагдаж эхэлсэн геологи хайгуулын салбар дахин өндийх аргагүй болтлоо зам мухардаж ирлээ. Геологи хайгуулын салбар урагшилж байж л улсын эдийн засаг тэлэх, уул уурхайн үр өгөөж нэмэгдэх учиртай. Гэтэл манай зарим улстөрч сонгуулийн оноо, сонирхлын зөрчилд автагдан сүүлийн жилүүдэд геологи хайгуулын салбарт хайр найргүй хандаж, жам ёсоороо хөгжих боломж бололцоог нь хаалаа. Монгол хүн монгол хүнээ хохироож, монголчууд нэгнээ хамгийн ихээр өстөн дайсан мэт хатуурхаж, хавчин гадуурхах боллоо.
Монгол Улс хайгуулаа хийж чадахгүй болтлоо туйлширч, уул уурхайн салбарт урт хугацааны төсөл хэрэгжүүлнэ гэдэг асар том сорилт болж хувирлаа. Тэр тусмаа үндэсний хувийн хэвшил тус салбарт бие даан оршин тогтнох ихээхэн зүдэргээтэй болж ирлээ. Төртэй хамтарсан эсвэл хойд, урд хөршийн оролцоотой байж л үлддэг жишгийг манай улстөрчид өөрсдөө тогтоож өгч байна.
Хувийн хэвшилд эрсдэл үүрэн үйл ажиллагаа явуулах, хайгуул хийх “эрх чөлөө”-г төр 100 хувь олгосон атлаа тогтвортой ажиллах эрхийг нь зөрчиж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нэр хүндээр нь хамгийн ихээр хохироож байна. Үүний тод жишээ бол Ховд аймагт хэрэгжиж байгаа газрын ховор элементийн Халзанбүрэгтэй төсөл юм. Энэхүү төсөл нь баруун бүс нутагт хариуцлагатай уул уурхайн жишиг болж, Монголын экспортыг солонгоруулах, тэр тусмаа уул уурхайн салбарт шинэ төрлийн ашигт малтмал олборлох зам мөрийг нээх юм. Монголын уул уурхайн хөгжлийг шат ахиулах, олон улсын талбарт шинэ ханган нийлүүлэгч, шинэ зах зээлтэй холбогдох эхлэл уг төслөөр тавигдах учиртай юм.
Харамсалтай нь төр тусгай зөвшөөрөл олгосон атлаа эсрэг зогсож, хувийн хэвшлийг давхар давхар эрсдэлд оруулж, иргэдийг төөрөгдүүлж байна. Баруун бүс нутагт балаг тарих төсөл юм бол яах гэж тусгай зөвшөөрөл олгож, өнөөдрийг хүртэл татвар авч, үйл ажиллагааг нь Монголын төр өөрөө хүлээн зөвшөөрч, энэ хүртэл явуулсан юм бэ...
Халзанбүрэгтэй төслийг гацаах ажиллагаанд орон нутаг удирдах аймгийн Засаг даргаар зогсохгүй улсын Ерөнхий сайд сүр хүчээ үзүүлсэн бол хамгийн сүүлд нь УИХ-ын дарга хүртэл оролцож, төслийн үйл ажиллагааг царцаав. Засгийн газрын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах учиртай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь мөн л дээрх төслийг зогсооход хувь нэмрээ давхар оруулав. Монгол төрийн залгамж чанар алдагджээ. Үүнийг дээрх үйл явц тод харуулж байна. Төрийн ой санамж ийм богино юм бол эхнээсээ тусгай зөвшөөрөл өгч хувийн хэвшлээр зогсохгүй олон улсад Монгол Улс нэр нүүрээ алдах хэрэг байсан уу...
Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд орон нутгийн хөгжил, зон олны ахуй амьдралын чанар, ажлын байр, өрхийн орлого, жижиг дунд үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагаа нэн тэргүүнд авч үзэх асуудал юмсан. "Шинэ хоршоо"-ны зах зээл нь шинэ уул уурхайн төслүүд биш гэж үү. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр жилийн жилд баруун бүсийн аймгууд хойгуур байр эзэлж, өнөө хүртэл амьдрах орчин нөхцөл хамгийн тааруу хэвээр байгаа.
Халзанбүрэгтэй бол нэг л кейс. Төрөөс хайгуул хийх тусгай зөвшөөрөл хувийн хэвшилд олгож, өчнөөн их зардал мөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаа нэгэнт зарцуулж, улмаар төсөл бүтээн байгуулалт, ашиглалт руу шилжих мөчид гэнэт үйл ажиллагааг нь зогсоодог, төр дээрэмддэг, БЭТ томилдог энэ байдал өнөө бас давтагдаж байна. Баруун бүс, Ховд аймгийн хөгжил Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас улам хол зөрүүтэй болж, хөгжлөөрөө төө хол хоцрогдож, ард иргэд нь говийн болон төвийн бүс рүү шилжин ирсээр...
Нутгийн ард иргэд нь уул уурхайн баялгийн үр өгөөжийг хүртэх, орон нутагт ажлын байр бий болох, нутагтаа тогтвортой ажиллах, амьжиргаагаа сайжруулах боломжийг яагаад улстөрчид нь үргээж, Монголын геологи хайгуулын салбарт өс зангидах мэт хатуурхаж, халгаатай шийдвэр гаргана вэ...
Төсөвт болон экспортын орлогод үзүүлж буй хувь нэмрээрээ уул уурхайн салбарыг ойрын хэдэн арван жилдээ гүйцэх салбар үгүй. Үүнийг ОУВС болон Дэлхийн банкны тайлан, Монгол Улсын Сангийн яамны төсвийн дүн мэдээ харуулна. Халзанбүрэгтэй төсөлд тохиолдож буй төр засгийн эргэж буцсан шийдвэр Монголын уул уурхайгаас хөрөнгө оруулалт дайжих, эрдэс баялгийн салбарт шинэ төсөл хэрэгжих үүд хаалгыг цоожиллоо. Геологи хайгуулын салбар сэргэх бус уналт, ухралт руу улам хурднаар уруудаж явна. Үүнд засаг төр өөрсдөө оролцож, Монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбар, улмаар улсын эдийн засагт томоохон хохирол дагуулахаар байна.