Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих Ган үйлдвэрлэлийн цогцолборын төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Гангийн цогцолборыг байгуулах 1000 га газрын асуудал шийдэгдэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд аймаг, орон нутгаас олгосон газрыг иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэхгүй байх, зориулалтын дагуу ашиглах, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг өрнүүлнэ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1497 ажилтан, албан хаагчидтай. Үүний 11 хувь нь Сэлэнгэ аймгийн, 88 хувь нь Дархан-Уул аймгийн харьяалал бүхий иргэд байна. Тэдгээрийн нийгмийн асуудлын хүрээнд царцаад байсан ажилчдын орон сууцны төслийг ирэх намраас эхлүүлэх, мөн цалин хангамжийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.
2025 онд "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХХК 520 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй хэдий ч хагас жилийн гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. Мөн энэ онд орон нутгийн төсөвт Дархан-Уул аймагт 27 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Жилд нэг сая тонн ган бэлдэц, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл хэрэгжсэнээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэж, баялгийн санд жилд 250 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж бүрдэх ба дотоодын гангийн хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах боломжтой болно.
1200 ажлын байр шинээр бий болж Монгол Улсад гангийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүрнэ.