МЕРА ХХК-ийн зүгээс дараах мэдэгдлийг гаргалаа. Тус компанийн нэр хүндэд нийгмийн сүлжээний платформуудаар дамжуулан халдах болсон байна.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд нэр бүхий цахим хуудсууд болон нийгмийн сүлжээний платформуудаар МЕРА ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг санаатайгаар тарааж, олон нийтийн ойлголтыг төөрөгдүүлэх оролдлого гарсаар байна.
Эдгээр мэдээлэл нь бодит үнэнээс ангид, зохион байгуулалттай худал мэдээлэл бөгөөд компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулж байгаа тул бид хуулийн хүрээнд хариуцлага нэхэмжлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.
МЕРА ХХК нь Монгол Улсад мөрдөгдөж буй “Тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” болон бусад холбогдох хууль, дүрэм журмыг чандлан мөрдөж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бүх чиглэлд холбогдох тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг.
20 гаруй жилийн хугацаанд уул уурхай, дэд бүтцийн салбарт мэргэжлийн, хариуцлагатай үйлчилгээ үзүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган компаниудын нэг юм.
Бид ямар нэгэн хууль зөрчиж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд энэ талаар нотлогдох баримт байхгүй болно.
Иймд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж буй этгээдүүдэд дараах анхааруулгыг хүргэж байна:
• Нэн даруй худал мэдээллээ залруулж, олон нийтэд уучлал хүсэх;
• Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлэхгүй, гүтгэлгийн шинжтэй үйлдлээ үргэлжлүүлбэл МЕРА ХХК нь нэр төр, алдар хүнд, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шүүхийн журмаар бүрэн хариуцлага тооцох болно.
Бид үнэн бодит мэдээлэлд тулгуурлан, хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүс, хамтран ажиллагч талуудад талархал илэрхийлж, иргэдийг ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.
МЕРА ХХК