Уурхайчдад санхүүгийн боловсрол олгох сургалт гурван сарын турш үргэлжилнэ
2 Өдрийн өмнө
51
Уурхайчдад санхүүгийн боловсрол олгох сургалт гурван сарын турш үргэлжилнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд уурхайчдад зориулсан “Өрхийн төсвийн удирдлага ба санхүүгийн боловсрол” сэдэвт танхим болон цахим хосолсон сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтыг Захиргаа, удирдлага, санхүүгийн газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Эрдэм мэдлэг түгээх төв” ТББ хамтран зохион байгуулж байна.
 
Сургалтын эхний өдөр 450 гаруй ажилтан оролцож, өрхийн санхүүгээ ухаалгаар удирдах, гэр бүлдээ оюуны хөрөнгө оруулалт хийх, мэдлэгээ тэлэхэд нэгджээ.
Сургалтад Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийн доктор, профессор, санхүүгийн мастер багш Л.Оюун, мөн “Эрдэм мэдлэг түгээх төв” ТББ-ын салбарын захирал, сургагч багш Н.Лхагвадорж нар илтгэл тавьж, санхүүгийн мэдлэг, төлөвлөлт, сахилга бат, соёл, чадвар, илтгэл зэрэг сэдвээр гүнзгий мэдээлэл өглөө.
 
Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн захирал, Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Хүн бүрийн амьдралд нэн хэрэгтэй энэ сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн 1000 ажилтны дунд зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцолсон.
 
Тэрээр мөн өрхийн санхүүг голлон хариуцдаг эмэгтэйчүүд хоолны дэглэм барьж чаддаг шигээ санхүүгийн дэглэм барьж сурах шаардлагатай. Иймээс эмэгтэйчүүд санхүүгийн боловсролоо дээшлүүлэх, өрхийн гишүүдээ сургахад үлгэрлэн манлайлж оролцож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
 
Уурхайчдад санхүүгийн боловсрол олгох сургалт ирэх наймдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.
 
Эх сурвалж: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.