"Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000 ажлын байр бий болно
"Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000 ажлын байр бий болно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд явах замдаа аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолбортой танилцлаа. Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд МАК компани Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан ажиллаж байна.
 
“МАК” ХХК-ийн евро цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, пасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүд болон “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцсан юм.
 
Цаашид гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах зэрэг үйлдвэрүүдийг байгуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр барилгын материалын цогц үйлдвэрлэл бий болж, зөвхөн “Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000, “Сэргэлэн” цогцолбор төслийн хүрээнд 1000 ажлын байр шинээр бий болох аж.
 
Мөн Монголд анх удаа үйлдвэр, уурхайн цахилгаан эрчим хүчийг өөрийн эх үүсвэрээр шийдэхээр Сэргэлэн, Даланжаргалан, Хөөт гэсэн гурван байршилд нийт 40 МВт-ын нарны цахилгаан станц, 90 МВт-ын цэнэг хураагуурыг тус компани ашиглалтад оруулжээ. Энэ нь зүүн хойд Азид аж үйлдвэрлэлийн компанийн хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын хамгийн том төсөл бөгөөд цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Дорноговь, Баянхонгор аймагт, устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийг Дорнод аймгийн Адуунчулууны уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг энэ мэтээр Монголд хөгжүүлэх бүрэн боломж байгаа ч томоохон төсөл хэрэгжүүлэхэд газрын асуудал, үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах, татварын хөнгөлөлт дэмжлэг тааруу зэрэг хүндрэл байгаа тул эдгээрийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг компанийн удирдлагууд энэ үеэр хөндлөө.
 
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч ажиллахаар тусгасан. Тиймээс аж үйлдвэржилт, барилга, зам, дэд бүтцийн ажлууд улсын хэмжээнд эхэлж байгаа энэ цаг үед барилгын материал, түүхий эдийн нийлүүлэлт тасалдахгүй байх нь нэн чухал болохоор бүтээн байгуулалтын богинохон хугацаанд төр, хувийн хэвшил үр ашигтай хамтарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг, чиглэл өглөө.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.