Улс орнуудын төв банк хатуу валют болох алт руу гар сунгаж, алтны нөөцөө нэмэгдүүлэхэд үлэмж ихээр анхаарч эхэллээ. Үүнд АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны татвар тойрсон гэнэтийн шийдвэрүүд, үүнээс улбаатай дэлхийн эдийн засаг, санхүүгийн орчны тодорхой бус байдал гүнзгий нөлөөлж байна.
Тэрчлэн ОХУ, Украйны дунд удаан хугацааны турш үргэлжилж буй дайны нөхцөл байдал, Ойрхи Дорнодын хөшүүн уур амьсгал хөрөнгө оруулагчдын болгоомжлох хөндүүр сэдэв хэвээр. Алт зөвхөн хөрөнгө оруулагчдын хөрөнгөө өсгөх, эрсдэлээс хамгаалах хэрэгсэл биш аж. Алт геополитик болж байна. Дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааны итгэлцлийн шинэ гүүрийг тодорхойлох, хямралын өртгийг бууруулах хэмжүүр нь болж байна. Төлбөрийн тэнцэл, валютын урсгалыг тогтвортой байлгах, эдийн засагт тулгарах эрсдэлийг халхавчлах гол бамбай болж байна.
Алтны үнэ түүхэн дээд цэгээ он гарсаар ээлж дараалан шинэчилж, унц нь 3400 ам.доллар даваад буй. Урьд өмнө байгаагүй өсөлтийн буухиа алт руу хошуурах хөрөнгө оруулагчдын эгнээг тэлж, шинэ эрэлтийг "бэлдлээ". Алт бол валютын нөөцөд тооцогддог, ам.долларт шууд хөрвөх чадвартай үнэт металл. Хамгийн аюулгүй таваар гэж хэлж болно. Энэ давуу тал нь эдийн засгийг тогтворжуулж, ам.долларын өсөлтийг тогтоон барихад тусалж ирсэн. Тиймээс нүүрсний экспорт суларч, орлого хумигдаж буй энэ цаг үед алтанд найдахаас өөр сонголт бидэнд алга.
Зөвхөн манай улсаар зогсохгүй дэлхийн улс орнууд ч алтны үнийн өсөлтийг ашиглах, энэ боломж руу хөрөнгө, хүчээ дайчилж, шинэ бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Алт цаг үргэлж анхаарлын төвд байдаг. Тэр тусмаа 2025 он гарсаар алтны үнэ улам дээшээ дэвшлээ.
"Goldman Sachs"-ийн шинжээчид алтны үнийн төсөөллөө дахин шинэчилж, шинэ үнэ дэвшүүлсэн. Тэд алтны үнийг ирэх онд унц нь 4000 ам.долларт хүрнэ гэж төсөөлж байна. 2025 он гарсаар алтны үнэ 28 хувиар өсөж, шинжээчдийн таамгийг эвдсэн. Алтны үнэ унц нь энэ оны эцэс гэхэд 3700 ам.долларт хүрнэ гэж "Goldman Sachs" үзэж, ихээхэн өөдрөг төсөөллийг хөрөнгө оруулагчдад танилцуулаад байгаа.
Алтны эрин үе дэлхийн эдийн засагт ноёрхож, өдөр болгон шинэ үнэ, шинэ таамаг санхүү, хөрөнгө оруулалтын орчинд түгж байна. Тус салбар шинжээчдийн таамгийг богино хугацаанд эвдэж, урьдын төсөөллийг орвонгоор нь эргүүлж орхисон. Бодож, төлөвлөж байснаас тэс өөр шинэ нөхцөл зах зээлд авчирсан. Алттай, алтны нөөцтэй, алтны хайгуул болон олборлолтын төслүүдтэй, төв банк нь алтны хураасан нөөц арвин бол энэ эрин үеийн шинэ өсөлт, үр шимийг илүүтэй хүртэхээр байна. Алт бол эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа.
Манай улс "Алт-3" аяныг өрнүүлэхээр замдаа гарсан. Өнгөрсөн хугацаанд алтны салбар агшиж, орхигдсон. Үүний уршиг одоо илэрч, Монгол банкны худалдан авах алтны хэмжээ жил дараалан буурч байна. Зах зээлийн үнэ өндөр хэдий ч гарцаа нэмэгдүүлсэн алтны үйлдвэрлэлийн шинэ төслүүд манай улсад цөөн. Дөнгөж л хайгуулаас бүтээн байгуулалт, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжих үйл явц өрнөж байна. Өсөлтийн өмнө бид бэлэн биш байна гэсэн үг.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр барина" гэсэн томоохон зорилт яваа. Энэ зорилтыг ажил болгох хүрээнд салбарын яамнаас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх санаачилга гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлого, төлбөрийн тэнцэл, төв банкны гадаад валютын нөөц, ам.долларын ханшийн өсөлтийг харвал бидэнд алтнаас өөр сонголт бага байгаа юм.
Алтны үнэ өсөж буй энэ цаг үед манай улсын алтны нийлүүлэлт, экспортын хэмжээ ихээхэн ядмаг, уналтын байдалтай байна. Шалтгаан нь, алтны шороон ордын нөөц шавхагдаж, үндсэн орд руу шилжих шаардлагатай болсон нь эндээс харагдаж байгаа юм. Алтны үндсэн ордын ашиглалт тун удаашралтай, тэр хэрээр алтны тушаалт буурсан дүр зураг хэвээр. Өөрөөр хэлбэл, Монголбанкны нөөцлөх алтны хэмжээ буурсаар байгаа хэрэг юм. Тэрчлэн алтны салбар дахь шинэ хөрөнгө оруулалт буурч, энэ салбар хууль эрх зүй, байгаль орчны олон хил хязгаарт давхар өртөж, хэлмэгджээ.
Алтны үндсэн ордыг ашиглах нь шороон ордын ашиглалттай харьцуулахад технологийн хувьд төвөгтэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг. Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрийн 14 нь өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээнд ашиглагдаж байгаа бөгөөд 228.7 тонн нөөц бүхий 68 орд ямар нэг хуулийн хориглолт байхгүй хэр нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байна.
Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
"Алт 3"-ны аяны хэрэгжсэнээр үр дүнд ойрын хоёр жилд шороон ордын алт тушаалт 20-30 хувиар нэмэгдэнэ, дунд хугацаанд 45 алтны үндсэн ордын нийт 129.1 тонн нөөц шинээр эдийн засгийн эргэлтэд орж, жил бүр дунджаар 10 орчим тонн алт Монголбанкинд тушаагдана, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдана, Алтны геологи хайгуулын ажил эрчимжиж, үндсэн болон шороон ордууд нөөц нэмэгдэнэ, Уул уурхайн салбарын хариуцлага дээшилж, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл буурч, итгэлцэл сэргэнэ, Монгол Улсын эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэж, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх, мөнгөний ханшийг илүү тогтвортой байлгах нөхцөл бүрдэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Алтны салбарт шинэ үе айсуй...