Өмнийн говийн гүний уурхайн институт Оюу толгойн уурхайн цогцолборт хичээллэж эхэллээ
5 Өдрийн өмнө
581
Өмнийн говийн гүний уурхайн институт Оюу толгойн уурхайн цогцолборт хичээллэж эхэллээ
Рио Тинто групп Квинсландийн Их Сургуультай хамтран Өмнийн говийн гүний уурхайн институтийг (ӨГГУИ) нээжээ. Оюу толгойн уурхайн цогцолборт дадлагын төвтэй тус институт нь Монгол болон олон улсын уул уурхайн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Гүний уурхайн сургалтын хөтөлбөрийг ийнхүү бий болгосноор уул уурхайн салбарын мэргэжлийн ур чадварын дутагдлыг арилгах, Монгол Улсын уул уурхайн салбарыг олон улсын түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах аж. 
 
Тус институтийн эхний элсэлтийн хөтөлбөрт уул уурхайн салбарын 28 мэргэжилтэн хамрагдаж, Оюу толгойн уурхайд дадлага хийж байна. Квинсландийн Их Сургууль нь институтийг удирдаж, сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх юм байна. ӨГГУИ-ийн сургалтын агуулга нь газар доорх олборлолт, геотехник, уул уурхайн инженерчлэл зэрэг инженерийн үндсэн чиглэлүүдийг хамарч, салбарын хэрэгцээ, ур чадварын дутагдлыг нөхөх тусгай хичээлүүдийг түлхүү багтаажээ. 
 
“Оюу толгой” компани нь эхний гурван жил уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага сургалтыг явуулж, гадаад, дотоодын суралцагсдыг Оюу толгойн уурхай болон Улаанбаатар хот хоорондын нислэг, хичээллэх, амрах байраар бүрэн хангах бөгөөд уурхайд ажиллаж буй нарийн мэргэжилтнүүд хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүст дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.
 
ӨГГУИ нь 2026 оноос дотоодын болон олон улсын бусад уул уурхайн компаниудад нээлттэй болж, гурав дахь жилдээ дэлхийн нэр хүндтэй уул уурхайн их сургуулийн албан ёсны магадлан итгэмжлэл авахаар зорьж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.