Г.Ёндон: Манай хамт олныг, уурхайчдыг маань ажлаа сайн хийлээ гэж шагнасан юм
3 Өдрийн өмнө
131
Г.Ёндон: Манай хамт олныг, уурхайчдыг маань ажлаа сайн хийлээ гэж шагнасан юм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдэд 2024 оны үйлдвэрийн үйл ажиллагааны гүйцэтгэл, хүлээгдэж буй үр дүн, энэ жил хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр 100 сая төгрөгийн шагналтай холбогдуулан дараах тодруулгыг авлаа. Цар тахлын хүнд үед ч уурхайчид зогсох эрхгүй ажиллаж, улсын төсөв, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, хамгаалах үүргийг хүлээдэг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд энэ онд 2023 оны гаргасан амжилт, ололтоо улам ахиулж, 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах хүлээлттэй байна. Үйлдвэрийн зүгээс геологи хайгуулын ажлыг тасралтгүй явуулж, 2079 он хүртэл буюу 55 жил тогтвортой ажиллах нөөцийг баталгаажуулж, үйлдвэрийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх техник, бүтээмжийн хөрөнгө оруулалтад энэ онд түлхүү анхаарчээ. 

-Таныг 100 сая төгрөгөөр шагнуулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ ямар учиртай шагнал байсан юм бэ? 

-Намайг биш, манай хамт олныг шагнасан юм аа. “Эрдэнэт” үйлдвэрийн 7000 уурхайчныг ажил, үүргээ амжилттай гүйцэтгэж, төлөвлөгөөгөө биелүүлж, улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна хэмээн манай толгой компани “Эрдэнэс Монгол” нэгдлээс энэхүү шагналыг олгосон. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниуд дотроосоо маш олон үзүүлэлтээр, дан ганц орлого бус байгаль орчин, нийгэм, засаглал, Засгийн газраас өгч буй үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилт, эрсдэлийн удирдлага гээд олон шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэдэг юм билээ. Энэ жил Очир эрдэнэ гэж шагналыг манай хамт олонд олгож, 100 сая төгрөгийг дагалдуулан өгөхөөр болсон юм. Энэ бол Ёндон гэж хувь хүнийг биш 7000 уурхайчныг маань хариуцсан ажлаа сайн хийлээ гэж шагнаж урамшуулж буй асуудал. Төлөөлж ажил олгогч гэх утгаараа тухайн арга хэмжээнд оролцож, энэхүү шагналыг миний бие гардан авсан юм. 

-Танайх өмнө жил бас ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж шагнуулж байсан. Тэр шагналаа юунд хэрхэн зарцуулсан бэ?

-Тийм ээ, манай хамт олныг өнгөрсөн жил мөн шагнасан. Захирлуудынхаа зөвлөлөөр ярилцаад тухайн үед 50 орчим сая төгрөгийг үйлдвэрийн дэргэд байдаг “Энэрэл” төвд хөрөнгө оруулсан. “Энэрэл” асрах төв маань 60 гаруй хүүхэдтэй. “Эрдэнэт” үйлдвэр олон жил өөрийнхөө зардлаар тус төвийнхөө үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй авч явж ирсэн. Бидний маш том нийгмийн хариуцлага. Өнгөрсөн жил асрах төвийн өсвөр үеийн охидын буланг зайлшгүй тохижуулах шаардлагатай байсан болохоор санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Үлдсэн 50 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын  гурван төрийн бус байгууллага болох Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Ахмадын холбоонд өгсөн. Миний тушаал ч бий. 

-Энэ жилийн шагналын мөнгөө та бүхэн юунд зарцуулахаар байгаа вэ?

 -Одоо энэхүү шагналаа 7000 хүнээсээ хамгийн сайн ажилласан хүмүүсээ шагнаж урамшуулна. Үүнийгээ ч бид нээлттэй зарласан байгаа. Өнгөрсөн жилийн шагнал, энэ жилийн шагналын мөнгөн дүн нь ижил. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.