Г.Ёндон: Эрдэнэт үйлдвэр тогтвортой ажиллах геологийн нөөцийг бүрдүүлэх ажил зогсолтгүй үргэлжилж байгаа
2024.12.12
202
Г.Ёндон: Эрдэнэт үйлдвэр тогтвортой ажиллах геологийн нөөцийг бүрдүүлэх ажил зогсолтгүй үргэлжилж байгаа

Одоогоос 46 жилийн өмнө "Эрдэнэт үйлдвэр" анхны баяжмалаа үйлдвэрлэж байлаа. Түүхийг эргэн сануулахад, 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Улсын баатар үйлдвэрийн бахдам түүх эхэлсэн байдаг. Энэ цагаас зогсох эрхгүй зүтгэж ирсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, хувь нэмэр, оролцоог тоогоор өгүүлэх судалгааны ажлын тайланг танилцуулах хурал дөнгөж өчигдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд /2024.12.11/ зохион байгуулагдсан юм. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон үйлдвэрийн өнөөгийн байдал, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ явцыг танилцуулсан юм. 

Баяжмалаа борлуулж эхэлсэн цагаас л Монголын эдийн засгийн түшиц, төсвийн орлогын эх үүсвэр болж, бүхий л цаг үед "Эрдэнэт"-ийн нөлөө том байлаа. Үүнийг батлах тоон судалгааг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс дунд "Эм Эм Си Жи" судалгааны байгууллага боловсруулжээ.

Уул уурхайд хамгийн том эрсдэл нь нөөц байдаг. Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" геологийн нөөцөө шинэ тутам шинэчилж, дахиад 60, 70 жил тогтвортой ажиллах баталгаат нөөцийг олж илрүүлж, нэмэлт судалгааг тасралтгүй явуулж байна. Үүний үр дүнд нэг л өдөр уурхай хаагдах тэр эрсдэл холдож, 100 гаруй хувь мянган хүн амтай Орхон аймаг, Хойд бүс, цаашилбал, улсын эдийн засаг, төсвийн орлогын /төсвийн орлогын 10 хувь/ суваг баталгаатай болж байна.

1978 онд жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах "Эрдэнэт"-ийн үйлдвэрийг манай улс ашиглалтад оруулж байсан. Тэгвэл ирэх жил тус үйлдвэр 40 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөж, анхныхаасаа 10 дахин их хүчин чадалтай болох юм. 

ЖОРК стандартаар "Эрдэнэт үйлдвэр" 2.9 тэрбум тонн геологийн нөөц батлуулж, одоогийн хүчин чадлаар тогтоогдсон нөөцөө 60-70 жил ашиглахаар байна. "Эрдэнэт үйлдвэр" 2022 онд хайгуулын зургаан лиценз шинээр авсан бөгөөд үүнээс "Оюут" ордын нарийвчилсан хайгуулын ажлыг эрчимжүүлж, өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн. 2026 он гэхэд ТЭЗҮ-ийг нь боловсруулж, тус ордыг ашиглалтад бэлтгэх юм байна. Оюут ордын хувьд 400-500 орчим сая тонн хүдрийн нөөц зурагдах болов уу гэсэн нааштай хүлээлттэй байгаа. Мөн үлдсэн таван лиценз дээр нэмж геологи, хайгуулын судалгааны ажлыг ч төлөвлөөд байгаа аж.

"Эрдэнэт үйлдвэр" геологи, хайгуулын ажилд жилд 16 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж, уурхайгаа насаа уртасгах, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

Уурхай гүнзгийрэхийн хэрээр металлын агуулга буурч, хүдрийн хатуулаг нэмэгддэг зүй тогтолтой. Энэ байдлаас болж зардал нэмэгддэг. Нэг тонн хүдэр олборлох зардал өсдөг гэсэн үг. "Эрдэнэт үйлдвэр" үүнийг тойрох боломжгүй, туулж байгаа. Бүхий л уурхай энэ зовлонг амсдаг. Уул геологийн үндсэн өгөгдөл болох хүдэр дэх зэсийн агуулга жилээс жилд буурч байна. Дагаад зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний тоо хэмжээ буурна. Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй нэг арга хэмжээ нь хүдэр олборлох болон баяжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх. "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд хүдэр баяжуулах хүчин чадлаа 2 сая тонноор нэмэгдүүлэхээр өргөтгөл хийж 2024 онд 38, 2025 онд 40 сая тонныг баяжуулахаар ажиллаж байна. Энэ үзүүлэлтээрээ Оюутолгойтой ижил түвшинд очих юм.

Оюутолгойн хувьд хүдэр дэх металлын агуулга өсөж, хамгийн өндөр агуулгатай Хюго Дамметын хэсгийн ашиглалт 2022 онд эхэлсэн бол Эрдэнэтийн хүдрийн агуулга тогтмол буурч байгаа. Эрдэнэттэй харьцуулахад Оюутолгой хамаагүй дүү, залуу уурхай юм. Хүдрийн агуулга буурахаар үйлдвэрлэж буй баяжмал дахь зэсийн агуулга бас буурна. Эрдэнэтийн баяжмал дахь зэсийн агуулга анх 30 гаруй хувьтай байсан бол өнөөдөр баяжмал дахь зэсийн агуулга 22.5 хувь болсон. Баяжмал дахь зэсийн агуулга буурна гэдэг нь тэр хэрээр чанар буурч байна гэсэн үг.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон "Хүдрийн агуулга буурах тусам баяжуулах үйлдвэрийн хүдрийн металл авалт буурна. Хүдэр боловсруулах хэмжээ өсөөд байгаа ч баяжмалын хэмжээ бараг өсөхгүй байгаа нь хүчин чадлаа нэмэгдүүллээ ч агуулгын бууралтыг гүйцэж чадахгүй байгаа хэрэг юм.  Бид 2024 онд 38 сая тонн хүдэр боловсруулна гээд нэмэгдүүлж төлөвлөсөн ч борлуулах баяжмалын хэмжээ 30 гаруй мянган тонноор буурч байгаа. Зардаг гол зүйл болох баяжмалын хэмжээ буурахаар ашиг орлого буурна гэсэн үг. Мөн хүдрийн хатуулаг нэмэгдэж байна. Хүдрийн дундаж хатуулаг сүүлийн 10 жилд 25 хувиар нэмэгдсэн. Үүнээс үүдэлтэйгээр 1 тонн хүдэр боловсруулахад зарцуулагдах цахилгааны хэрэглээ 20 хувиар өссөн. Дээрээс нь цахилгааны үнэ нэмэгдсэн нь маш том зардал болж байгаа" гэдгийг хэлсэн юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.