Холбохгүй бол зэвэрлээ...
2 Өдрийн өмнө
463
Холбохгүй бол зэвэрлээ...
Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод төмөр зам нь өөрөө бүхэлдээ Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол судас нь юм. Өнгөрсөн хугацаанд ордын үнэ цэнийг хамгийн их унагааж ирсэн нь удаа дараа хойшилж, гацаж ирсэн төмөр зам.

Оросын нүүрс Хятад руу гарч байна. Австрали, Индонез ч мөн адил нүүрсээ манай урд хөрш рүү зөөж байна. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээлд илүү ихээр нийлүүлэхийн тулд тэд уурхайгаа өргөтгөж, төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж, шинээр төмөр зам, боомт барьж, тээврээ тэлэх, дэд бүтцээ сайжруулах оролдлогыг шаргуу хийж байна. Дэд бүтцээрээ уралдаж, нийлүүлсэн нүүрсний хэмжээгээрээ өрсөлдөж, үр дүнд нь улсынхаа эдийн засгийг өөд нь татаж байна.

Манай хойд хөрш ОХУ гэхэд л өнгөрсөн жил Кузбассын нүүрсээ Енисей мөрнөөр тээвэрлэн Хятад руу экспортолж туршсан бол өнөө Енисэй боомтыг барьж байгуулах ажил ид явагдаж байна. Тус боомтоор эхний жилүүдэд багадаа 5 сая тонн нүүрс нэвтрүүлж, алсдаа хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх төслийг цаг хугацаа алдалгүй шамдан хэрэгжүүлж байна. Нүүрсний экспортоо Хятадаар хязгаарлахгүй Номхон далайн зах зээлд нэмэгдүүлэхийг ОХУ зорьж, боомтоо ч, уурхайгаа ч, төмөр замаа ч шинээр зурж эхэлсэн билээ.

Монголын эрдсийн экспортын зорилтот зах зээл нь Хятад. Энэ зах зээлд манай улс хамгийн ойр дөт боловч одоог хүртэл боломжоо бүрэн ашиглаж чадсангүй. Сүүлийн жилүүдэд л нүүрсний экспортын биет хэмжээ шинэчлэгдэж, 60, 70 сая тонн нүүрс чардайж, чардайж экспортолсон талаар бид ярьдаг боллоо. Гэтэл энэ дүнг  2-3 дахин нэмэгдүүлэх боломж нь төмөр зам. Одоогоор Монгол Улсын нийт автотээврийн боомтын хүчин чадал 85 сая тонн бөгөөд автотээврийн экспорт энэ хүрээд л тулна гэсэн үг. Байгаа энэ хүчин чадалдаа бид бараг л тулаад ирчихсэн.

Харин төмөр замын хилийн боомтууд /Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч/ ашиглалтад орсноор 80 сая тонноор нэмэгдэж, жилд экспортлох хүчин чадал 165 сая тонн хүртэл нэмэгдэх урьдчилсан тооцоолол бий. Ингэснээр хил дамнасан төмөр замын тээврээр ойролцоогоор жилд 4 орчим тэрбум ам.долларын орлого олох боломж байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүнээ зардал багатай, шуурхай экспортлох сонголт бол төмөр зам. 

Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт нь Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл эрэмбэлэгдсэн. Энэ төслөөс дараа дараагийн төслүүд шалтгаалах бөгөөд бусад төмөр замаар холбогдох боомтын хувь заяа ч хамаарна. БНХАУ-ын талаас эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа нөхцөл нь бүрдсэн бусад боомтуудыг төмөр замаар холбох байр суурийг байнга илэрхийлсээр байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл л түүчээлэн хөдлөхгүй бол бусад төслүүд ч хөдлөхгүй гэсэн агуулга эндээс уншигдана.

Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод төмөр зам нь өөрөө бүхэлдээ Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол судас нь юм. Өнгөрсөн хугацаанд ордын үнэ цэнийг хамгийн их унагааж ирсэн нь удаа дараа хойшилж, гацаж ирсэн төмөр зам. Төмөр замгүй учраас Монголын нүүрс Хятадын гүнд хүрч чадахгүй, гуравдагч зах зээлийн талаар ч ярих боломжгүй байлаа. Харин одоо хоёр улсын хилийн наана, цаана өргөн, нарийн царигтай төмөр замууд тулж ирсэн байна. Төмөр замаа дагаж Ганцмод боомтын орчин нөхцөл жигтэйхэн өөрчлөгдөж, суурин газрын өнгө төрхийг олж эхэлжээ. 10 гаруй жилийн өмнөх Ганцмод биш болсон байна. 

Манай улсын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 онд барьж дуусгасан бол Хятадын тал манайхаас долоон жилийн өмнө Ганцмод боомт хүртэлх төмөр замаа бариад дуусчихсан. Одоо хоёр тал хил дамнасан төмөр замаа холбох ажил үлдээд байгаа. Холбож байж л улсын хил хүртэл өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж барьсан өргөн царигтай манай төмөр замын ашиг тус нь гарах юм. Хятадын төрийн өмчит "Чайна энержи" группын хувьд ч ялгаагүй. Холбохгүй бол зэвэрлээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд ч сэв суулгах хэмжээнд төмөр замын төсөл ужгирсан байна, залхаасан байна. Бид хэлсэн, ярьсандаа хүрэлгүй эргэж буцсан нь алдагдсан боломжийн өртгийг нэмж, түншлэх илтгэл суларсан байна. 

Холбохгүй бол зэвэрлээ...

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн төсөвт өртөг нарийвчилсан зураг төслийн дагуу урьдчилсан тооцооллоор 979 тэрбум төгрөг байхаар байна. Одоогийн байдлаар төмөр замын төслийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдэж бүрэн дууссан, барилгын ажлын гэрээний төслийг компанийн хэмжээнд тохироод буй. Санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцахаар байгаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 5 багц ажлаас бүрдэнэ. 

Монгол Улсаас өргөн царигийн төмөр замаар хүлээлгэн өгч буй ачааг БНХАУ-ын Ганцмод өртөөнд өөрийн зүтгүүр вагоноор хүлээлгэн өгнө, эсрэгээрээ БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар хүлээлгэн өгч буй ачааг Монгол Улсын Гашуунсухайт өртөөнд Хятадын талын зүтгүүр вагоноороо хүлээлгэн өгнө. Энэ үйл ажиллагаа 1956 оноос хойш Замын-Үүд-Эрээн өртөөдийн хооронд хийгдэж байна. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь хоёр улсын төрийн тэргүүний түвшинд яригдаж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг нээхээр талууд Бээжинд тохиролцсон юм. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан уулзалт хийж, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийг эхлүүлэх шийдвэрийг албажуулсан.

Монгол Улс 1956 онд БНХАУ-тай төмөр замын хэлэлцээр байгуулснаар Замын-Үүд-Эрээний эхний гарцыг бий болгосон юм. Хоёр дахь гарц болох Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын гүүр, барилга байгууламжийг барьж байгуулахад хоёр жилийн хугацаа шаардлагатай бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих эрхийг манай улс таван удаа олгож, дөрвөн удаа цуцалж, Засгийн газар 45, УИХ таван удаа тогтоол гаргаж байжээ. 

Өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци” ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг хийж гүйцэтгэжээ. Уг төсөл хэрэгжсэнээр 2030 оноос Монголын нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд хадгалах, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдол хүлээгдэж байна.

Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт өртөө рүү авто тээвэрлэлт хийхэд жилд дунджаар 290 гаруй авто осол бүртгэгддэг бол төмөр замаар тээвэрлэлт хийснээр энэ тоо 17 дахин буурах тооцооллыг гаргасан байна. Зүүн Азийн зах зээлд Монголын нүүрсний экспортын эзлэх хувь өнөөгийн байдлаар 10.5 хувь байгааг нэмэгдүүлж, 30.5 хувьд хүргэх, Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэх юм. Асар их эрэлт үүссэн Хятадын аварга зах зээлд манай түүхий эдийн нийлүүлэлт дэндүү цомхон. Гэлээ ч бидний хувьд том тоо. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтаас гадна  "Чайна энержи" групп нь нүүрс худалдааны урт хугацааны гэрээ "Эрдэнэс Тавантолгой" компанитай байгуулах, удаах нь Тавантолгой уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу оператор компанийн статустай оролцох саналыг илэрхийлж буй. Үүнийг "Гурвыг цогц"-оор гэж томъёолжээ. Сүүлийн хоёр саналыг Монгол Улсын Засгийн газар одоогоор хүлээж аваагүй байгаа бөгөөд хоёр талын ажлын хэсгийн түвшинд яриа хэлэлцээ үргэлжилж байна. Ямар ч тохиолдолд Тавантолгойн "Гурвыг цогц"-оор зарчмын саналыг УИХ-аар хэлэлцүүлэх юм. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулах түүх ихээхэн адармаантай эхэлсэн. Харилцан адилгүй ашиг сонирхлын зөрчил дундуур уг төсөл унаж, босож ирсэн гэсэн үг. Хугацаа алдаж, боломжоо хязгаарласан нь бид өөрсдөө.

Монгол Улс экспорт, эдийн засгийн ачаа үүрэх гол төмөр замаа барих гэж таван удаагийн оролдлого хийж, 2022 онд мухар төмөр замтай болсон юм. Анх яригдаж эхэлсэн цаг үедээ уг төмөр замын төсөл хэрэгжсэн бол хувийн хэвшил маш бага зардлаар 2013 онд ашиглалтад оруулах байсан. Өнөөдөр бид алдагдсан боломж, алдсан цаг хугацааны талаар бус олсон ашиг, өгөөжийн талаар ярих байсан юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл нь экспортыг хөнгөвчлөх төдийгүй нүүрсний логистикт шинэ боломж, үүд хаалга нээх юм. 

296926283_3975528769254473_2927259972264349945_n

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.