Уурхайг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, 2050 он гэхэд 6 сая жуулчин авахаар төлөвлөж байна
5 Өдрийн өмнө
373
Уурхайг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, 2050 он гэхэд 6 сая жуулчин авахаар төлөвлөж байна
2024 оны байдлаар 250 гаруй мянган жуулчин зочлон саатаж, нутгийн оршин суугчдад 2 тэрбум юанийн үр ашигтай орлогыг бүрдүүлж өгсөн байна.
Уул уурхай гэхээр л ухсан нүх, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон талбай, эвдэрч сүйдсэн байгаль, ширгэж хатсан, бохирдсон гол горхи бидний санаанд хамгийн түрүүнд л буух гэдэг. Өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол өнөө хүртэл бараан толбо болж, бүгдийг үгүйсгэх, бүхэлд нь харлуулах "зэвсэг" болсон. Тэгвэл бидний хажуу хөрш урд айлд уул уурхай ургадаг бизнес, төлждөг зах зээл болон хөгжиж байна. Нөхөн сэргээлт, байгаль орчны стандартыг тэд хатуу чанд мөрдүүлж, эх дэлхийгээс авсан бол эргээд хариу барих дүрэм шинэ жишиг тогтоож.
 
Нүүрсний уурхай байсан газраа мод үржүүлгийн газар мэт болгож, урт хөндий бүхэлдээ ой хөвч гэмээр дүр төрхийг дахин олсон байна. Нүүрсний уурхайг хүртэл арчилж, хамгаалж чадах юм бол маш богино хугацаанд байгаль дэлхий түргэн засал авч, шувууд жиргэх, ан амьтан үүрлэх, аж ахуй эрхлэх хэмжээнд очдог байна. Эдгээрийг өөрийн уурхайнуудад хөгжүүлж буй "Чайна энержи" групп ногоон уурхай гэсэн нэр хүндийг эзэмшиж, хамгийн өндөр үнэлгээ авчээ. Ингээд тус группын ногоон уул уурхайг сурвалжиллаа. 
 
"Чайна энержи" группын нүүрс үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 720 сая тонн. Нүүрсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын 17 компани, 88 нүүрсний уурхайтай. Нийт хүчин чадал нь жилд 780 сая тонн бөгөөд Шаньси, Шэньси, Өвөр Монгол, Нинся, Шинжаанд уурхайтай. Үүнээс Шэньдун, Мэндун, Шинжаан, Нин-Угийн бүсэд 100 сая тонноос дээш хүчин чадалтай дөрвөн уурхайн бүстэй, эдгээр нь Хятадын эрчим хүчний хангамжийн гол тулгуур. "Чайна энержи" нь ногоон уул уурхайг шинэ жишиг стандартаар хөгжүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хувиргаж байна.
 
Ашигласан уурхайгаа баянбүрд болгож, газар тариалан эрхлэх хэмжээнд тэд авчирсан байна. Ил уурхайгаа үзэсгэлэнт газар болгон хөгжүүлэх төслүүдийг эхлүүлж, экологийн аялал жуулчлал болон соёлыг хослуулсан аж үйлдвэрийн аяллын хөтөлбөрийг ч шинээр бий болгожээ. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд "Чайна энержи" группын туршлага шинэ, соргог байлаа. 
No description available.
Хэйдайгоү ил уурхайгаа дээрх байдлаар "Чайна энержи" хөгжүүлж, 2024 оны байдлаар 250 мянга гаруй жуулчин зочлон саатаж, тус бүс дахь аялал жуулчлалын цогцолборуудтай хамтран 80 мянга гаруй жуулчинг татаж, нутгийн оршин суугчдад 2 тэрбум юанийн үр ашигтай орлогыг бүрдүүлж өгсөн байна. 2050 он гэхэд тэд 6 сая жуулчин татах боломжтой гэж урьдчилан тооцоолжээ. 

No description available.

Группын "Шэньдун коал" компани нь 473 км² уул уурхайн бүсийн экологи нөхөн сэргээгдэх ажлыг өрнүүлж, бүтээн байгуулалтын эхэн үед 3-11 хувь байсан ургамлын бүрхэвчийн харьцааг 64 хувь болгож, баянбүрдүүд бий болгосон байна.
 
"Чайна энержи" группын "Жүнэн Групп" нь 69 сая тоннын хүчин чадалтай дэлхийн жишигт нийцсэн хоёр ил нүүрсний уурхай байгуулахын зэрэгцээ урьд нь 25 хувиас бага ургамлын бүрхэвчтэй байсан нүцгэн уулыг уурхайн ногоон бүс болгон өөрчилж, нийт ногоон байгууламж, үржил шимт тариалангийн талбай, нөхөн сэргээлтийн талбайн хэмжээг 3340 га болгон ургамлын бүрхэвчийн харьцааг 80 хувиас дээш өсгөсөн байна.

Хэйдайгоү ил уурхайг анх байгуулах цагаасаа л “нүүрсний ордын олборлолтыг байгаль орчны нөхөн сэргээлттэй хослуулах” бодлогыг баримталж, ордын олборлолт, орчны хамгаалалт, ус ба хөрсний хамгаалалтын “гурван зэрэгцүүлэх зарчим”-ыг барьж иржээ. Хөрс хуулалтын хаягдлыг зохистой ашиглаж, тогтвортой хаягдал чулуулгийн овоолгыг бий болгох, хөрсийг нөхөн сэргээлтэд тохирсон бүрхүүлээр хучих зэрэг олон арга хэмжээг авч байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, бусдад загвар болж байна.

Уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэлт нь 100 хувьд хүрч, бүс нутгийн ургамлын бүрхэвчийн хэмжээ анхныхаас 25 хувиас 80 хувь хүртэл нэмэгджээ. Анхны элсэн бүрхүүлтэй хадат хөндий газрууд нь өнөөдөр ой модоор хучигдаж, улсдаа алдартай AAAA зэрэглэлийн үзэсгэлэнт газар болжээ. Тиймээс экологийн эмзэг орчныг үр дүнтэй хамгаалж, уг ил уурхайн “ногоон бүтээн байгуулалтын загвар” нь 2022 оны Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы тайланд багтаж, “Тав дахь зэрэглэлийн ногоон уурхай” гэдэг өндөр үнэлгээг авсан байна.

 "Чайна энержи" группын харьяа Баоншэнь төмөр замын групп нь тоос дарах тусгай төлөвлөгөөг боловсруулж, ачих цэгийн тоос дарах шүршигч системийг бүгдийг хянах боломжтой болж, нүүрсний тоосны дэгдэлтийн хэмжээг үлэмж багасгасан байна. Төмөр замын шугамын дагуух экосистемийн нөхөн сэргээлтэд онцгой анхаарал хандуулж, ойр орчимд нь нарс мод, зэрлэг сарнай болон бут сөөг зэргийг тарьж, "ногоон коридор" бий болгосон байна. 

china_energy_241130 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.