Уул уурхай салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлана
Уул уурхай салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлана
Уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжих нь зүйтэй гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байна. 

Тухайлбал, гадаадын ажилтан авах бодлогод эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжих нь зүйтэй. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна.  
Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.” гэж заасан. Хуульд заасан дээрх хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.