Бүхнийг нэг дор авчирсан говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалтаас...
2024.11.18
100
Бүхнийг нэг дор авчирсан говийн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" чуулга уулзалтаас...
Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа.
 
Тус чуулганд УИХ-ын гишүүн Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Экологийн цагдаагийн алба, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн удирдлагууд, говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани, аж ахуйн нэгж болон иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн иргэд зэрэг 350 гаруй төлөөлөл оролцов.
 
Зохион байгуулагчдын зүгээс эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, тус салбарт баримталж буй төр засгийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг оролцогчдод хүргэж, орон нутгийн шаардлагад нийцсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцсэн юм.
 
Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд говийн бүсэд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, хариуцлагатай уул уурхайг дэмжиж, байгаль орчин, хүн, малын амьдрах орчинд халтай, хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. 
 
Түүнчлэн энэ өдөр “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Тэрбум мод” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ дагуу эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, тэрбум мод үндэсний хөдөлгөөн уул уурхайн салбар хоорондын уялдааг хангаж, харилцан үр ашигтай хамтран ажиллахаа онцоллоо.
 
Мөн энэ удаагийн чуулганы үеэр Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгч 20 гаруй аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болон уул уурхайн томоохон компаниудын нээлттэй ажлын байрны өдөрлөг болсон юм.
May be an image of 2 people, people studying and phone
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд говийн бүсийн аймгуудыг уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингээсэн экспортын өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн түншлэл цаашлаад Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийг бодлогоор дэмжиж ажиллахаа аймаг, орон нутгийн удирдлагууд илэрхийлсэн юм.
 
Өмнөговь аймгийн тухайд, ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэл тогтоогдсоноос зүүн бүсэд Тавантолгой, Оюу толгой, баруун бүсэд Нарийнсухайт зэрэг стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд, бусад орд газруудад нийт 17 ААНБ, 37 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
May be an image of 11 people and text
May be an image of 5 people and text
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.