ТОМИЛОЛТ: Метан хийнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Дарханы төв цэвэрлэх байгууламжийг сурвалжиллаа
3 Өдрийн өмнө
260
ТОМИЛОЛТ: Метан хийнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Дарханы төв цэвэрлэх байгууламжийг сурвалжиллаа

-Дархан хот гурав дахин тэлэхэд ирэх ачааллыг бүрэн даах цэвэрлэх байгууламжтай танилцлаа-

Хот, хөдөөгийн ялгааг арилгах, төвлөрлийг сааруулах, дагуул хотыг хөгжүүлэх тухай төр засгийн шийдвэр эхнээсээ гарч эхэлж буй. Ийм цаг үед Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймаг төв цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилжээ. 100 гаруй мянган хүн амтай тус аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэд хэдэн төсөл хэрэгжсэн байна. Эдгээр төслийн хэрэгжилт, гүйцэтгэл, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах хэвлэлийн аянд манай баг нэгдэж, Дархан хотыг зорьсон юм.

Томилолтын эхний танилцах төсөл бохир усны цэвэрлэх байгууламж байсан юм. Хэдий маршрут ийм боловч бидний дээгүүр нь зорчиж яваа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын нэг эгнээг АХБ-ны дэмжлэгтэйгээр барьж байгуулсан билээ. Уг төслийн үр шим Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл гээд төвийн болон хойд бүсийн бүхий л аймаг, сумын иргэдэд хүрч буй нь дамжиггүй. Үүгээр зорчин өнгөрөх олны урсгал зогсолтгүй үргэлжилнэ. Алтанбулаг боомтыг зорьсон ачаа тээвэр үл тасалдах аж. Хамгийн их ачаалал авдаг, "завгүй зам" гэж нэрлэж болохуйц. Тэр тусмаа аялал жуулчлалын улиралд хөл хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгддэг. Өвөл, хаварт ч энэ зам эдийн засгийн эргэлтэд байнга орж байдаг. Цаг хугацаа хэмнэх, тав тухтай зорчих, аюулгүй байдлыг хангасан гээд одоо л Дарханы зам олон улсын жишиг рүү төслийн үр дүнд ойртсон байна. 

Улаанбаатар, аймгийн төвүүдийн гол тулгамдсан асуудлын нэг нь бохир усны цэвэрлэх байгууламжтай холбогддог. Дийлэнх нь хуучирч, элэгдсэн, ачаалал нь хэтэрсэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдсэн гэдэг шалтгаанаар сүүлийн жилүүдэд цэвэрлэх байгууламж тойрсон хүндрэлүүд шил шилээ даран гарч эхэлсэн. Төв суурин газрын амин чухал асуудал нь цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир ус, нийтийн аж ахуй дээр тогтдог.

darhan_24 Дархан-Уул аймгийн хувьд мөн л дээрх хүндрэлтэй нүүр тулж эхэлж. Хуучин төв цэвэрлэх байгууламж нь 1965 онд баригдсан. Дараа нь 1987 онд хэсэгчлэн шинэчилж өргөтгөжээ. Гэвч цаг хугацаа, ашиглалтын эрхээр тоноглол нь хуучирсан, тэр хэрээр эвдрэл гэмтэл ихээр гардаг, хүний гар ажиллагаа ч шаарддаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчин нөхцөл муудсан, өнөөдрийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж дийлэхээргүй болж ирсэн хэрэг. Тиймээс 2017 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэлийн ажлыг эхлүүлж, өнгөрсөн жил ашиглалтад хүлээн авсан байна. Төслийн гүйцэтгэл одоо 98.5 хувьтай, лагийн байгууламж дээр туршилтын ажил нь хийгдэж байна. Дарханчууд төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгааг аймгийн Засаг дарга Б.Азжаргал итгэл дүүрэн хэлж байсан. 

Энэхүү бүрэн цогц шинэчлэл хийгдсэнээр Дархан хотын хүн ам одоо байгаа дүнгээс 3 дахин нэмэгдэхэд ч төв цэвэрлэх байгууламж алзахгүй, ачааллаа дааж, бохир усыг багадаа 95 хувиар цэвэршүүлэн хэвийн ажиллах боломжтой болсон байна. Бохир усыг 95 хувь цэвэршүүлэх үзүүлэлтээрээ Монгол Улсад анхных гэж хэлж болох бөгөөд байгаль орчинд тэр хэрээр хал багатай гэсэн үнэлгээ авч байна.

darhan_ahb Дархан хотын өнөөгийн бохир усны хэрэглээ 7-8 мянган шоо метр бол шинэ байгууламж нь 24 мянган шоо метр хүчин чадалтай юм байна. Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коули ахалсан тус банкны төсөл хариуцсан мэргэжилтнүүд, дотоодын хэвлэл мэдээллийн Монцамэ агентлаг, МҮОНРТ, 25 дугаар суваг телевиз, Өнөөдөр сонин, Bpress.mn сайт тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг Дархан хотын төв цэвэрлэх байгууламжтай биечлэн танилцсан юм.

Аймгийн төвөөс цэвэрлэх байгууламж хүртэл авто замын ажил эхэлсэн бөгөөд эхний ээлжинд нэг км нь тавигджээ. Төв цэвэрлэх байгууламжаас гарах элдэв үнэр энд бараг л үгүй. Орчин тойронд нь тал хээрийн сэрүүн салхи сэвэлзэх аж. 

Нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь үе үеийн Засгийн газрын гол чиглэлийн нэг нь. АХБ-ны хувьд 1997 оноос хойш хот суурин газрыг хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвүүдийн суурь дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал түнш байсаар ирсэн. Энэ утгаараа Дархан-Уул аймагт хэрэгжсэн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл" өнөөдрөөр хязгаарлагдахгүй ирээдүйн өсөн нэмэгдэх хүн амын эрэлт хэрэгцээ, хотжилт, шинэ төвлөрөл, суурин газар дагасан худалдаа, үйлчилгээ, боловсруулах салбарын хэтийн хөгжлийг ч давхар, давхар дэмжжээ.

Төслийн хүрээнд орчин үеийн технологиор "зэмсэглэсэн" бохир ус цэвэрлэх байгууламжаас гадна ариутгах татуурга, насосны станцуудыг ч нэг мөр шинэчилсэн байна. Тэрчлэн байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх зэрэг ур чадвар, зохион байгуулалтын ажил ч хамтаар хийгджээ. Тодруулбал, гурван шахуургын станцыг орчин шахуурга, хяналтын тоног төхөөрөмжөөр шинэчилсэн байна. Технологийн хувьд ч ихээхэн өөрчлөлт гарчээ. Мөн шинэ цэвэрлэх байгууламж руу 1.1 км дулаан хангамжийн хос шугам барьсан байна. Үүнээс гадна тус байгууламж руу урсгалыг нэмэгдүүлэхийн тулд 9.5 км бохир усны шугам суурилуулжээ. 

darhan_241117 Шинэ бохир усны цэвэрлэх байгууламж нь хүйтэн уур амьсгалын технологийг нэвтрүүлж, цэвэрлэсэн бохир ус, лагийг дахин ашиглах боломжтой байгууламжуудыг төслийн хүрээнд шийджээ. Бохир ус цуглуулах, цэвэрлэх системийн суурилагдсан хүчин чадал нь 2040 оноос хойш Дарханы хэрэгцээг хангахад хангалттайгаар төлөвлөгдөж баригдсан гэдгийг орон нутгийн удирдлага тодотгож байсан юм.

Дарханы Төв цэвэрлэх байгууламжийн Ерөнхий инженер Т.Буяндэлгэр "Насос, станц дэлхийн брэндээр тоноглогдсон. Тийм болохоор насжилт, элэгдэл, эвдрэл харьцангуй багатай. Тэр хэрээр найдвартай төдийгүй аюулгүй байдал хангагдаж байгаа. Цахилгаан эрчим хүчний хувьд ч бага зарцуулалттай. Европ технологийн онцлог нь энэ. Сэлбэг хэрэгсэл нь ч хямд, олдоцтой байдаг. Засахад ч хялбар. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчний зардал, түүхий эд, сэлбэг материалын зардал, их завсар хийх шаардлага ч тэр хэрээр хэмнэгдэж байгаа юм. Европ технологийг суурилуулсан болохоор Монголд хамгийн өндөр цэвэршилтийн түвшинтэй. Байгаль орчин, экологид үзүүлж байгаа нөлөөлөл нь харьцангуй бага болж, бохир усыг 98 хүртэлх хувиар цэвэрлэж чадсан байгууламж гэдгээрээ их онцлог. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, системийн шинэчлэл, цахилгааны аюулгүй байдал сайжирсан" хэмээн Төв цэвэрлэх байгууламжаа танилцуулсан юм. 

Төслийн хүрээнд үлдсэн ажил гэвэл Биогаз гаргаж авах лаг боловсруулах хэсэг туршилтад орсон бөгөөд ирэх онд ашиглалтад орохоор байна. Монголдоо анхдагч метан хийг боловсруулж газ гарган авч, үүнийгээ цахилгаан эрчим хүчинд хөрвүүлэх аж. Ингэснээр цэвэрлэх байгууламжийнхаа дотоод хэрэгцээнд ашиглах боломж бүрдэх юм байна. Эргэн сануулахад, Цэвэрлэх байгууламжийн төсөл 2017 онд эхэлсэн. Ковид цар тахал, мөн гүйцэтгэгч компанитай холботой асуудал үүссэн тул дахин нээлттэй тендер зарлаж Монголын "Байгууламж" гэж компани шалгарч, төслийг гүйцэтгэсэн байна. Түүхэндээ 98 хувьтай цэвэрлэж үзсэн анхны цэвэрлэх байгууламж гэдгийг Ерөнхий инженер Т.Буяндэлгэр нэмж хэлсэн юм.

Т.Буяндэлгэрийн хувьд  ажил, амьдралаа усны байгууллагатай холбоод 16 жил болжээ. Ажлын гараагаа Ус сувгийн удирдах газраас засварчнаар эхлүүлж, хожим Дарханд шилжин ирснээр Төв цэвэрлэх байгууламжийн хариуцлагатай албыг өнөө хашиж явна. Т.Буяндэлгэр нь Ус хангамж, ус цэвэрлэгээний инженер мэргэжилтэй. 

darhan_241115 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.