"Дэлхийн хуримтлалын өдөр 2025" аяны хаалт боллоо
10 Цагийн өмнө
320
"Дэлхийн хуримтлалын өдөр 2025" аяны хаалт боллоо

Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо болон арилжааны банкнууд хамтран 2025 оны 10 дугаар сард “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг уламжлал болгон зохион байгууллаа. Энэ жилийн хувьд тус аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе”  уриан дор хуримтлалыг дадал болгох чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг нийслэлээс гадна орон нутагт өргөн хүрээнд хэрэгжүүлэв.

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэдэг. Мөн энэхүү өдрийг угтан жил бүрийн аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгон зарлаж, сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлдэг билээ.

Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хаалтыг 2025 оны аравдугаар сарын 31-ний өдөр Дархан хотод зохион байгуулав. Хаалтын арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон хамтрагч байгууллагуудын төлөөллүүд оролцож, хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл танилцуулж, оролцогчдын дунд хуримтлалын талаарх мэдлэг шалгах уралдаан зохион байгуулж, шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулав. Мөн энэ үеэр санхүүгийн мэдлэг түгээх сургагч багш нарт сертификат гардууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2025 оны есдүгээр сарын байдлаар хадгаламжийн нийт дүн 28.5 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад мөн л 110 орчим хувиар өссөн үр дүн юм.  Хуримтлал өсөх нь эдийн засгийн дархлааг дэмжиж, банк санхүүгийн секторт эх үүсвэрийг нэмэгдүүлснээр зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг билээ.

 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.