Алтны үнэ дахин шинэ амжилт тогтоов
2024.10.31
230
Алтны үнэ дахин шинэ амжилт тогтоов

Алтны үнэ дахин нэг шинэ амжилт тогтоож, лхагва гарагт дээд хязгаараа эвдлээ. Азийн арилжаагаар алтны үнэ унц нь 2775 ам.долларт хүрч, өмнөх долоо хоногийн амжилтаа ийнхүү шинэчлэв. Ирэх 12 дугаар сарын фьючерсийн арилжаа нэг унц нь 2801 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд ханшийг мөн л тэргүүллээ. 

Бондын өгөөж нэмэгдэж, ам.долларын ханш чангарсан хэдий ч дээрх өсөлт гарч байна. Энэ нь алт руу шилжих хөрөнгө оруулалтын өгөөжийг ойролцоогоор 34 хувьд хүрч, энэ оны хамгийн өндөр өсөлттэй металлд тооцогдох хүлээлттэй байна. 

Өнгөрсөн онд алтны үнэ 16 хувиар өссөн бол энэ онд үүнээс хоёр дахин өндөр өсөлт рүү ирээд байна. Өсөлтийн эрчээ алдахгүй, шинэ өсөлт рүү алт тэмүүлж, оны эхний таамгуудыг сэтэлж гарлаа.

Геополитикийн нөхцөл байдал, үүнд ОХУ, Украины дайны өрнөл, Ойрхи Дорнодын уур амьсгал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Америкийн Холбооны нөөцийн банк /Төв банк/ бодлогын хүүгээ дахин бууруулах хүлээлт алтны үнэ өсөх үндсэн шалтгаан болж байна. Эдгээрийг бүхэлд нь дүгнэж хэлэхэд тодорхойгүй байдал хэвээр үргэлжилж байгаа нь алтны баталгааг нэмж, хөрөнгө оруулагчдын итгэлт "анд" нь алт болж байна. 

"Standart Chartered"-ийн шинжээч Суки Купер "Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх зах зээлийн хүлээлт сайжирсан" гэж онцолсон. Хэдий эдийн засгийн үзүүлэлтүүд нааштай гарч эхэлсэн ч ирэх сонгууль тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.