Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төв банкнаас ирүүлсэн үндсэн чиглэлийн саналыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Энэхүү төслийг боловсруулахдаа сүүлийн 15 жилд төрөөс баримталж ирсэн мөнгөний бодлогын үр дүнг үндэслэсэн гэдгийг онцлов.
Монголбанкны танилцуулснаар,Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах, бусад хөтөлбөр зэрэг төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.8 их наяд төгрөг зарцуулсан зэрэг шалтгаантай холбоотой. Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрснийг анхааралдаа авч, цаашид төв банканд төсвийн шинжтэй асуудлыг хариуцуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх, төв банкны хараат бус, бие даасан байдлыг бүрэн дүүрэн хангаж, тогтолцоог үндсээр өөрчлөх асуудал тулгамдаж буйг дурдсан юм.
Танилцуулгад дурдсанаар, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ.
Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсөн. Үүнд төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал, санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн танилцууллаа.
Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай гэв.
УИХ-ын тогтоолын төсөлд жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацаатай тусгай үнэт цаас гаргаж Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөхөөр тусгажээ. Ирэх онд мөнгөний бодлогын чиглэлээр гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг ил тод бүртгэлжүүлэн оновчтой зохион байгуулах; Уул уурхайн компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг Монголбанк дахь Засгийн газрын гадаад валютын дансанд шууд төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох ажээ.
Мөн Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, арилжааны дэд бүтцийг холбож, төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг бүрдүүлэх; Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг үнэлж, нөөцийн аюулгүй байдлыг хангах, улсын зээлжих зэрэглэлийг баталгаажуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлогын уялдааг хангах нь Засгийн газрын үүрэг гэж үзжээ.
Харин Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд зургаан асуудлыг даалгахаар төлөвлөсний дотор банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулах, цахим залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд санхүүгийн нэгдсэн цахим талбарыг хөгжүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал багтсан байна.
Төв банк реформын шинжтэй зоригтой санал бүхий төслийг боловсруулан оруулж ирсэн гэдгийг гишүүд тэмдэглэж, ажил хэрэг болгох учиртайг онцолж байв.
Төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.