2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ цаг үед Ерөнхий сайд Н.Учрал “Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хуулиар бүрэн хориглоно” гэж жишиг болохуйц байр суурь өчигдөр илэрхийллээ. Засгийн газрын тэргүүний энэ үгийг урьд өмнөх Ерөнхий сайдууд хэлж зүрхэлж байсангүй. Үүгээрээ ихээхэн анхаарал татсан юм. Мартагдсан жишиг гэвэл онох биз ээ.
"Төсөв, мөнгөний бодлогын уялдаагүй байдлыг үндэс сууриар нь, тогтолцоогоор нь шинэчилнэ" гэж нэмж хэлсэн нь 2027 оны төсөв, мөнгөний бодлогын орчинд төдийгүй макро эдийн засагт бодит өөрчлөлтийн дохио болох юм. Давтагдах алдаа зуршил болтлоо үргэлжлэх түүх төгсгөл болох нь. Дээрх харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө Засгийн газрын тэргүүн ажиллах юм байна. Төв банкны алдагдал буурах, нэмж алдагдал үүсэхгүй байхад Ерөнхий сайдын байр суурь цэг тавьж байна гэж уншлаа.
Төв банкаар дамжуулан төсвийн "тогоо"-гоо тэлэх, Сангийн яам, Хөгжлийн банкнаас гадна нэмэлт эх үүсвэртэй болох гэж Ерөнхий сайд нар үздэг. Өөрсдийн зорилгын төлөө төв банкийг Засгийн газар ашиглах, хэм хэмжээнээс нь давсан алхам руу чиглүүлэх гэдэг. Сүүлийн 10 гаруй жил энэ байдал даамжирсан. Төв банкны байр суурь нь алдагдсан. Хараат бус , бие даасан шийдвэрүүд мөн эсэх нь эргэлзээ төрүүлж эхэлсэн. Засгийн газрын дангаар бүхнийг захирах эрх төв банк руу хүртэл орсон байсан. Бодлогын зааг ялгаа гэж байдаг. Энэ хүртэл харагдахаа больсон. Ийм үед, хоёр ч том сонгууль шил шилээ даран ойртох үед Ерөнхий сайдын байр суурь өөрийгөө /нам засгаа/ бус улсаа бодсон үйлдэл гэвэл илүү нийцэх...
Эргээд харахад, Монголбанк мөрөөрөө ажиллах боломжийг Засгийн газрууд олгодоггүй байлаа. Өөрийн хийж, хэрэгжүүлэх ёстой ажлаа төв банк руу түлхэж, үйл ажиллагааны давхардал үүсгэнэ. Ажлыг нь бараг заах гэнэ. Мөнгөний бодлогын үр нөлөөг нь сулруулна. Инфляцыг дэмжинэ. Төгрөгийн ханшийг унагана. Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл өгнө. Хөтөлбөрийн хэрэгжилт нь алаг цоог үлдэнэ. Үр дүн нь өрхийн үүдээр орохгүй замхарна. Төсвийн шинжтэй үйл ажиллагаанд Монголбанк татагдаж, үндсэн үүргээ мартах шахна.
Улс төрийн онооны төлөө мөнгөний бодлогыг “золиос” болгоно. Төв банкны нэр хүндээр наадна. Тусгаар хуулийг нь үл тооно. Эдийн засгийг сэргээх, үйлдвэрлэлийг дэмжих гоё нэртэй хямд нөхцөлтэй зээлийн шугам угсарна. Жинхэнэ эзэндээ хүрсэн эсэх нь туйлын ойлгомжгүй. Гомдол үл тасарна. Тэгш бус гарааг зах зээлд дэмжиж, чөлөөт зах зээлээ үгүйсгэнэ. Эдгээр нь төв банкны алдагдлыг зузаатгаж, Засгийн газрын өр болно. Өр, алдагдал нийлээд татварын төлөгчдөд ирэх ачаа, үүрэх зовлонг нэмнэ. Ийм байдалтай Засгийн газар, Монголбанкны харилцаа олон жил явж ирсэн. Үүнийг таслах, зааг ялгааг нь гаргах, хариуцсан чиг үүрэг, эс халдах, хамтрах хязгаарыг тогтоох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэлж байгаа нь мартагдсан жишиг, маргаашаа бодсон хүний үг юм.
Гаршсан үйлдэл гэвэл Ерөнхий сайдууд Монголбанкийг Засгийн газрынхаа бодлогын санхүүжүүлэгч, бараг л яам, хэрэгжүүлэгч агентлаг мэт санах гэдэг. Тийм болохоор төсөв, мөнгөний бодлого хутгалдаж, төсвийн шинжтэй олон хөтөлбөрүүдийг төв банк зах зээл рүү шахсан байдаг. Үндсэндээ, төв банк, мөнгөний бодлогын чиг үүрэгт Ерөнхий сайдууд хүндэтгэлгүй хандаж ирсэн. Монголбанк ч дарга нарын хүслийн жагсаалтыг биелүүлэх гэж өөрсдөө тамирдсан. Мөнгөний бодлогын хүч нөлөөг хумьсан. Төсөвт орон зайгаа алдсан. Тэнцвэр нь алдагдсан.
Монголбанкны хуримтлагдсан хур алдагдал үе үеийн Засгийн газрын, тэр тусмаа эрх баригчдын сонгуульд ялах, сонгогчдын санал авах гэсэн олон удаагийн оролдлогын үр дүн юм. Зах зээлийг гажуудуулсан хөтөлбөр ч байлаа. Засаг төр, ард иргэдэд тус нэмэртэй шийдвэр ч бас энэ дунд байв.
Гэхдээ оносон гэхээс илүү гажуудсан, хэсэг бүлэг нь завшсан, эдийн засгийг аврах бус амь тавихад хүргэсэн хөтөлбөрүүд ч сонгууль дамнан хэрэгжсэн нь бий. Мөнгөний бодлогын хараат бус байдалд халдсан, төв банкны эрх дарх руу гар дүрсэн эрх баригчдын санаархал улс орны эдийн засагт авчирсан уршиг нь дэндүү их юм. Энэ байдлыг зогсоох, засах оролдлогыг Засгийн газрын тэргүүн өөрөө эхлүүлж, үүний төлөө байр сууриа тодорхой илэрхийлж байгаа нь эрүүл үзэгдэл, зөв жишиг. Төсөв, мөнгөний бодлогын дархлааг хамгаалах алхам.
Монголбанкны танилцуулгаар, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Алдагдалд нөлөөлсөн гол хүчин зүйл нь төв банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд эзэлдэг. Төв банк 2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй санхүүжилт олгожээ.
Ирэх жил төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх ажил эрчимжиж, Засгийн газар, Монголбанкны бодлогын уялдаа холбоо дараагийн шатанд гарах эхлэл бодит ажил болох үлдэж байна. Засгийн газар, Монголбанкны хооронд эрүүл харилцаа, эрүүл эдийн засгийн хэм хэмжээ тогтох нь. Энэ бол зохистой тэнцвэр юм.