2024 оны мөнгөний бодлого адармаантай
2024 оны мөнгөний бодлого адармаантай
Өсөж дэвжихийг үргэлж мэрийх бизнес эрхлэгчдэд ирэх жилийн мөнгөний бодлого таалагдахгүй. Тэр тусмаа сонгуультай жил бүр ч адармаантай. Монгол төгрөгийн чансааг шалгах амаргүй жилийн мөнгөний бодлого инфляцтай үнэн хүчийг үзэх нь. Хатуу бодлоготой харшлах сэдэв нь зээл, зээлийн хүү.

Инфляцын хүлээлт тодорхойгүй байна. Хэдий төв банк нам инфляц “зүүдлэх” боловч орчин нөхцөл ороо бусгаа, цагийн байдал ээдрээтэй. Гадаад, дотоод элдэв шалтгаан мөнгөний бодлогыг сорих. Ийм дэгэн догон дундуур Монголбанк алхах нь нэгэнт тодорхой байна. Хамгийн эхний сорилт, улам бүр данхайх улсын нэгдсэн төсөв. Төсвийн тэлэлт төв банкны бодлогын орон зайг хумиад зогсохгүй хөл, гарыг нь тушиж орхихоор байна. 

Тушаатай мөнгөний бодлого эдийн засгийг төвхнүүлж, инфляцыг тогтворжуулах уу. Төгрөгийн ханшийг хамгаалах уу. Төлбөрийн тэнцэл яах вэ. Төсөв, мөнгөний бодлого нэгэндээ “хайр” зарлаад байдаггүй. Тус тусын чиг үүрэгтэй, эрх дархтай. Хараат бус зарчимтай. Энэ дархлаагаа хадгалж чадвал харин ч эдийн засагт тус нэмэртэй. Гэвч төв банкны хараат бус байдал, бүрэн эрх рүү улстөрчид дураараа халддаг гажуудал үүсчихсэн. Ийм үзэгдэл мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр тод томруун илэрдэг. Бид одоо улам тод харах болно.  

 Монголбанк 2024 оны эдийн засгийн өсөлтийг зургаан хувиар төсөөлсөн. Ийм таамаг дор тэд мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ боловсруулж, төслөө энэ өдрүүдэд олон нийтэд танилцуулж, санал, зөвлөмж авч байна. Өчигдөр гэхэд л МҮХАҮТ-ын гишүүн компаниудын төлөөлөлд үндсэн чиглэлээ танилцуулав. Танхимын шинэхэн ерөнхийлөгч өөрийн биеэр энэ арга хэмжээнд байлцаж, төгрөгийг “манах” үүрэгтэй төв банкаа сонссон. Бизнест тулгардаг нийтлэг бэрхшээлийн нэлээд нь төв банктай хамаатай. 

Хувийн хэвшилд зээлийн олдоц нэмэгдэх эсэх, хүү буурах уу, нэмээд ханш тогтвортой байх уу. Үүнээс гадна гадаад төлбөр тооцоо яригдана. Энэ оны хувьд хэрэглээний зээл өсөлттэй, харин бизнесийн зээлийн олдоц тааруухан байлаа. Зээл олдохгүй шахам байхад юун хямд хүү ярих билээ. Харин ирэх онд энэ байдал өөрчлөгдөх үү...

Инфляцыг онилох мөнгөний бодлогоос өрх айлын амьжиргаа, өнөөдрийн орлогын үнэ цэнэ, өгөөж хамаарна. Яс үндэс, гарал угсаа, нас, хүйс, намын харьяалал үл нөлөөлөх, хэн байсан ч Монголбанкны мөнгөний бодлогоос тойрох замгүй. Хадгаламж, харилцах цөм л инфляц хэмээх чимээгүй торгуульд идэгдэж, зовж олсон мөнгө үнэ цэнээ алдаж байдаг. Тийм болохоор инфляцтай нүүр тулахгүйгээр иргэдийн орлогыг хамгаалж чадахгүй. 2024 оны мөнгөний бодлого инфляцыг нэг оронтой тоонд аргамжих хүсэлтэй. Эдийн засагт хамгийн том айдас инфляцын дарамт болж байна. Энэ оны хувьд инфляц алгуурч буурч, оны эцэст төв банкны "амлалт" руу дөхөх төлөв зураг бий. 

Төв банкны бодлогын хүү өнөө 13, харин инфляц 10 хувьтай байна. Энэ жилийн мөнгөний хатуу бодлого ирэх онд хэвээр үргэлжилнэ гэдгийг төв банкны ерөнхийлөгч эрс шууд мэдэгдсэн. Үнэнээ л хэлчих шиг болсон. Улстөрч, эсвэл УИХ-д шинээр нэр дэвших улаан горилогч бол хэрхэх байсныг таашгүй юм.

Сонгуулийн жил эдийн засгийн жолоо цулбуур нь алдуурч, удирдлагагүй болох гээд байдаг. Харин тулсан мөчид тоормос гишгэх, удирдлагын залуур дээр эзэн суух эрүүл саруул ухаантай нь төв банк болдог. Ийм учраас сонгуулийн жил мөнгөний бодлогын эдийн засагт гүйцэтгэх үүрэг, нөлөө хамгаас чухал. Мөнгөний бодлогыг тодорхойлох төв банк өөрөө эдийн засгийн тулах цэг. Тэд хөлсөө багагүй урсгах биз ээ.  

Инфляцыг тогтворжуулах үндсэн чиглэлийн төслөөс бодлогын хүүг өндөр хэвээр хадгалах, эдийн засаг уналтаас холуур, өсөлтөөс наагуур буюу амь голтой үлдэх агуулга уншигдана. 

Монголбанк санаа алдсан дүр зураг хамгийн ихээр илэрхийлж, таамаглал төсөөлөл боловсруулахад орчин нөхцөл төвөгтэй байгааг удаа дараа учирлаж байсан. Төв банкнаас үл хамаарах олон хүчин зүйл үүнд нөлөөлж, ковидын үеэс төдийлөн тодорхой бус байдал буурч өгөхгүй байгаа талаар мөн тоочсон удаатай. Ерөөсөө л “зовлон” үргэлжлэх юм байна гэсэн битүү хатуу тайлбар 2024 оны мөнгөний бодлогын гол мессеж аж.

Өсөж дэвжихийг үргэлж мэрийх бизнес эрхлэгчдэд ирэх жилийн мөнгөний бодлого таалагдахгүй. Тэр тусмаа сонгуультай жил бүр ч адармаантай. Монгол төгрөгийн чансааг шалгах амаргүй жилийн мөнгөний бодлого  инфляцтай үнэн хүчийг үзэх нь. Хатуу бодлоготой харшлах сэдэв нь зээл, зээлийн хүү.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.