Б.Пүрэвдорж: Төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
- Гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, АНУ-ын татварын бодлого, геополитикийн ээдрээтэй байдал, дайн үргэлжилж, өмнөд хөршийн эдийн засаг саарч, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан үед Монгол Улсын нэгдсэн төсвийг баталлаа.
- Ирэх жилийн төсвийн хувьд төсвийн зарлага жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2.0 хувиас хэтрүүлээгүй нь онцлог байна. Мөн нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэн нь мөн онцлог байлаа. Гэвч хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн бодлого үгүйлэгдэж байгааг Засгийн газар цаашид анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.
- Төсвийн нийт орлогын 27.0 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их наяд болон тэлжээ. Энэ нь бидний ам нээх бүрдээ өгч ирсэн эдийн засгаа солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эдийн засаг, уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого, төсвөөр дамжин хэрэгжиж байгааг харуулах үзүүлэлт юм.
- Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн бодлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх, эсвэл гадаад өрийн хэмжээгээ нэмүүлэхэд зориулдаг бодлого ирэх жилийн төсөвт тусгалаа олох учиртай.
- 2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2.0 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөг хүрч хүрч, гурав дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын татвар 2022 онд 1.2 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 2.5 дахин өсөхөөр тооцсон байна. Төсвийн орлогын 90 хүртэлх хувиа татвараар бүрдүүлж ирлээ. Эндээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарч болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьж байна.
- Жил бүр олон зуун сая ам.долларын эрчим хүч импортолж байна. Бид энэхүү үрэлгэн байдалдаа цэг тавьж, эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарах цаг ирсэн. Иймд хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж, урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын ихэнх хувийг төлөвлөхийг Засгийн газарт уриалж байна.
- Төсөв бол ялсан намыг санхүүжүүлэх хэрэгсэл ердөө биш. Энэ утгаараа 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо гэж дүгнэж байна. Төсөв бол улс орныг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийг удирдах бодлогын баримт бичиг гэдгийг гишүүддээ дахин сануулъя.