Б.Дөлгөөн: Эдийн засагт тодорхой бус, тогтворгүй байдал хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлэхээр байна
5 Цагийн өмнө
246
Б.Дөлгөөн: Эдийн засагт тодорхой бус, тогтворгүй байдал хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлэхээр байна

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор Эдийн засагч Б.Дөлгөөн оролцож, 2026 оны эдийн засгийн төлөв байдлын талаар танилцууллаа. Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Тэр тусмаа хөгжиж буй эдийн засагтай, хоёр хөршийн эдийн засаг, дотоод улс төр, тэр тусмаа БНХАУ-ын уул уурхайн түүхий эдийн эрэлтээс үлэмж хамаардаг Монгол орны хувьд 2026 оны хүлээгдэж буй төлөв, таамаг чих тавих сэдэв.

Эдийн засагч Б.Дөлгөөн "Эдийн засагт тодорхой бус, тогтворгүй байдал хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлэхээр байна" хэмээн илтгэлээ эхлүүлсэн юм. Гадаад болон дотоодын "уур амьсгал" улам ээдрээтэй, тодорхой бус, тогтворгүй байдал нэмэгдэж байгаа нь улс орнуудад сорилт төдийгүй хөрөнгө оруулалт буурах, хумигдах, инфляцын дарамт үргэлжлэх, худалдааны өсөлт саарах, дэлхийн нөлөө бүхий томоохон эдийн засгууд удаашрах зэрэг олон сөрөг байдал бий болгож байгааг Эдийн засагч Б.Дөлгөөн хэллээ. Тухайлбал, АНУ-ын худалдааны бодлого, тарифын алхмууд дээрх байдалд томоохон нөлөө үзүүлэхээр байна. Тэрчлэн Америкийн эдийн засгийн идэвхжил сулрах төлөв таамгийг олон улсын судалгааны байгууллагууд дэвшүүлж эхэлснийг дурдлаа. 

Хөрш зэргэлдээ хоёр орны эдийн засагт анхаарал хандуулъя. Хойд хөрш ОХУ-ын эдийн засаг 2026 онд улам агших, эдийн засаг нь зогсонги байдал руу орох буюу хямралын төлөв байдалд улам гүн шилжих хандлагатай байгаа аж. Өмнөд хөрш БНХАУ-ын хувьд эдийн засгийн бүтцийн шилжилт үргэлжилж байна. Тус улс хөрөнгө оруулалтаас хэрэглээнд суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж буй. Хэрэглээнд суурилсан эдийн засаг нь тогтвортой хөгжлийн гарц гэж өмнөд хөрш үзэж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаас шалтгаалан гангийн зах зээлийн эрэлт буурсан, энэ байдал 2026 онд ч үргэлжлэн хадгалагдахаар байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.