Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.
2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.
Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна гэж Сангийн сайд онцлов.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар