Солонгосын сэргэн мандалтын нууц нь аж үйлдвэржилт байсан. “Хийвэл бүтнэ” гэсэн итгэл үнэмшил энэ орныг “Азийн бар” болгож, экспортлогч эдийн засгийг цогцлоосон. Өмнөд Солонгосын эдийн засаг түргэн хөгжсөн жор нь аж үйлдвэрийн хувьсгал. Энэ хувьсгал өнөөдрийн Солонгосыг бүтээж, хувь заяаг нь өөрчилж чадсан юм.
Манай улс мөн адил энэ жишгээр замнаж, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжих замаа сонгосон. Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь аж үйлдвэржилт байсаар ирсэн.
Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох “амбиц”-тай. Бүр тодорхой хэлэхэд, “Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ” гэж “Шинэ сэргэлт”-ийн бодлогод томоос том зорилт Засгийн газар дэвшүүлчихсэн. Үүний биелэлт нь хамгаас чухал.
Байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас импортоор худалдан авч байгаа эдийн засаг бол манайх. Энэ хэв маягаа эвдэж, өөрчилж байж өнөөдрийн өнгө төрх сайжирна. Эдийн засаг тэлж, хүмүүсийн бодит орлого өснө. Хөгжил дэвшил ойртоно. Ийм учраас аж үйлдвэржилт тэр хэрээр бидэнд амин чухал болоод байгаа юм.
Аж үйлдвэрийн гинжин хэлхээг “Эрдэнэс Монгол” нэгдэл шинээр тодорхойлж, голлох ашигт малтмалын боловсруулалтын түвшинг ахиулах зураглалыг эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Нэгдлийнхээ зургаан том /ууган/ компанийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах бөгөөд ингэхдээ эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг “Эрдэнэс Монгол” чухалчлан авч үзсэн байна. Эдийн засгийн бүсүүдийг хөгжүүлэх нь улс орнууд урагшлах гол стратеги байдаг. Энэ дотор аж үйлдвэрийн цогцолбор, эдийн засгийн тусгай болон инновацийн бүс, технологийн паркууд ордог.
Зүүн Өмнөд Азийн хэмжээнд гэхэд 1000 гаруй эдийн засгийн бүс байна. Үүний 895 нь аж үйлдвэрийн цогцолбор байх жишээтэй. Эндээс харахад аж үйлдвэрийн цогцолбор яагаад чухал гэдэг нь ойлгогдох биз ээ. Үйлдвэрлэл, технологийн парк нь бүс нутгийн хөгжлийг дэмжээд зогсохгүй хот, хөдөөгийн сэргэлтийн хөшүүрэг байж таарна.
Манай улсад одоо л аж үйлдвэрийн цогцолбор бүсчилсэн хөгжлийн түвшинд яригдаж, эхний алхмаа судалгаа тооцоонд үндэслэн боловсруулж байгаа нь нааштай мэдээ юм. Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Монгол”-ын охин компани хэлбэрээр “Эрдэнэс ҮТП” компанийг байгуулсан нь үйлдвэрлэл, технологийн парк ажил болох эхлэл юм. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зургаан байршил нь нэлээд итгэл үнэмшилтэй. Түүхий эдээ түшиглэх нь зүй ёсны хэрэг.
Тухайлбал, Зэс боловсруулах цогцолбор буюу “Эрдэнэт ҮТП”-ийг 45 жилийн түүхтэй, хүнд үйлдвэрийн төв цэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулна. Зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэлсэн, явцын гүйцэтгэл нь 50 хувь руу тун дөхөж байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ нь батлагдсан. Үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, ирэх жил нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн захиалга хийх зэргээр их ажил ар араасаа ундрах нь.
Хамгийн чухал нь аж үйлдвэрийн төслүүдийг салангид бус хоорондоо уялдаа холбоотой, кластер үүсэх хэмжээнд том зургаар нь харж чадсанд байгаа юм. Талын нэг тархай бутархай төслүүд бус тодорхой үндсэн түүхий эдэд түшиглэсэн, нэгнээ харилцан дэмжих аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох тоймтой төслүүдэд “Эрдэнэс Монгол” гол анхаарлаа хандуулж байгаа юм байна.
Хөтөлийн шохойн ордыг түшиж барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор барих бол Дарханд Ган үйлдвэрлэлийн цогцолбор, Багануурын нүүрсний уурхайд тулгуурлан Нүүрс-химийн цогцолбор, Бор-Өндөрт жонш боловсруулах цогцолбор, Тавантолгойд Кокс-химийн цогцолбор барихаар тус тус төлөвлөж. Боловсруулах үйлдвэрийн цогцолбор зургаан байршилд энэ байдлаар босох нь.
Төр дангаараа үйлдвэрлэл, технологийн парк байгуулахгүй, тэнд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулагчдад үүд хаалга нь нээлттэй гэдгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал онцолж байсан юм. “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийг авч үзэхэд, нунтаг зэс, зэс эдлэл тэргүүтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх дагалдах үйлдвэрүүдэд хувийн хэвшлийн орон зай сул чөлөөтэй юм байна.
Дарханы үйлдвэрлэл, технологийн парк мөн ижил. Цувих үйлдвэр, Механик боловсруулалтын үйлдвэр хувийн хэвшил байгуулна. Ган бөмбөлөг, арматур, булан төмөр, хашааны тор, өндөр хүчдэлийн тулгуур гэх мэт бүтээгдэхүүнийг манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө үйлдвэрлэх, бизнесээ төлөвлөх орчин нөхцөлийг “Эрдэнэс Монгол” бүрдүүлнэ гэнэ.
Хөтөлийн барилгын материал, үйлдвэрлэлийн цогцолбор ялгаагүй хувийн хэвшлээ түшиглэн хөгжинө. Хөнгөн бетон блокны үйлдвэр, хар, цагаан замаск, обойн цавууны үйлдвэр тэргүүтэй дагалдах үйлдвэрүүдийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад сул үлдээх нь. Зургаан үйлдвэрлэл, технологийн парк хувийн хэвшилтэй хамт урагшлах төлөвлөгөөг “Эрдэнэс Монгол” тодорхойлоод, газар олголт, дэд бүтцийн бүтээн байгуулалт руу төвлөрч байна. Үйлдвэржихгүй бол хөгжихгүй. Хөгжихийн тулд эдгээрийг бид хийж байж л хөгжингүй орны зиндаад хүрэх юм.