Татан буулгах хэмжээнд яригдаж байсан Монгол Улсын Хөгжлийн банк ямар ч байсан цаашаа тогтвортой ажиллах, жам ёсоороо хөгжих нь хэнд ч тодорхой, ойлгомжтой болж эхэлж байна. Өр барагдуулах алба гэлтэй, эсвэл орон сууцны борлуулагч аятай ажиллах шахаад байсан энэ банкны талаар олныг нурших илүүц биз.
Цэгцрэх, жигдрэх үйл явц өрнөж, алдаа, оноогоо дор бүрнээ дүгнэж, дэнсэлж авсан байх. Хуультай улс гэдгийг ч дураараа дургисан хүмүүс нь мэдэрч, ухаарсан болов уу гэж найдна. Гол нь засаглал, шийдвэр гаргалт, Удирдах зөвлөлийн түвшинд онцгой дэвшил гарсан байгаасай. Энэ л чухал. Улс төрийн нөлөө, хамаарлаас ангид, Засгийн газрын "халаас" бус хараат бус Хөгжлийн банк гэдгээ л нийгэм даяараа цөм ойлгож авах нь эцсийн үр дүн байсан юм. Ингэж байж "дархлаа"-тай банк болно. Урлагийн тайзан дээр улаан мөнгөний зарга шүүхгүй болно.
Монгол Улсын Хөгжлийн банк хэсэг бусаг зээлдэгчидтэйгээ "гал" гарсан "зодоон" хийж, үзүүштэй, харууштай үйл явдал өчнөөн өрнөсөн. Ингэж түмний анхааралд Хөгжлийн банк дахин орж, өртөж чадсан юм. Үүнд багагүй хугацаа барсан хэдий ч гурван том стратегийн төслийг хэрүүл, "зодоон", шүүхийн маргаан дундуур санхүүжүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг нь цаг алдалгүй шийдвэрлэжээ.
Тодруулбал, Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг өргөтгөх, хүчин чадлыг нь 50 МВт буюу 83.8 хувиар нэмэгдүүлэх төсөлд 60 гаруй сая ам.долларын санхүүжилт олгож, гүйцэтгэл нь 75 хувьтай байна. Нийгэм, эдийн засгийн чиг баримжаатай, арилжааны банк, санхүүгийн байгууллага санхүүжүүлж чадахааргүй томоохон төслүүдийг мөнгөжүүлэх нь Хөгжлийн банкны үүрэг, зорилт. Ийм агуулга, итгэл үнэмшил дор Монгол Улс хэрүүл бус хөгжил "авчрах" Хөгжлийн банктай анх болж байлаа.
Эрчим хүч эдийн засаг, эрчим хүч хөгжил, эрчим хүч тусгаар тогтнол. Эрчим хүч бүтээмж. Энэ утгаараа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хамгийн чухалд тооцогдож ирсэн амин чухал хэрэглээ. Манай улсын хамгийн том сорилт, бэрхшээл бол эрчим хүчний хүртээмж, хүрэлцээ, түүний найдвартай байдал юм. Тиймээс Зүүн бүсийн эрчим хүчний систем, Дорнод, Сүхбаатар аймаг, тэнд ажиллаж амьдарч байгаа айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, баяжуулах, олборлох уул уурхайн үйлдвэрүүдэд эрчим хүчний тасралтгүй, тогтвортой нийлүүлэлтийг дээрх өргөтгөл, шинэчлэл авчрах юм байна. Хамгийн энгийнээр, Хөгжлийн банкны үндсэн чиглэл ердөө л энэ юм.
Удаах төсөл нь Амгалан дулааны цахилгаан станцын өргөтгөл. Бас л эрчим хүчний салбарын эрсдэлийг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх том ажил эхэлсэн явна. 116 МВт-ын зуухаар өргөтгөх төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 40 орчим хувийн биелэлттэй байна. Хөгжлийн банк төсөвт өртгийнх нь 85 хувь хүртэлх санхүүжилтийг хариуцсан бөгөөд энэ нь 55.8 тэрбум төгрөг болжээ.
Нийслэлийн зүүн бүсийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах боломж үүгээр бүрдэх төдийгүй одоо ашиглагдаж буй 40 гаруй халаалтын зуухыг буулгах, агаарын бохирдол тэр хэрээр буурах боломж үүсэх юм байна. Өргөтгөл дагаж 30 ажлын байр шинээр бий болох аж.
Төслийн хэрэгжиж дуусах огноо нь 2024 он гэдгийг Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс тодотгосон юм. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч, дулааны хэрэглээ цаг наргүй өсөн нэмэгдэж, хүн амын нягтаршил, хотжилт цар хүрээгээ тэлэх хэрээр яаж тог цахилгаантай байх вэ, энэ өвөл хэрхэн дулаан өвөлжих үү гэдэг л толгойны өвчин болж, тархины бяд шалгаж байна.
Монгол Улсын Хөгжлийн банк Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд мөн оролцож байгаа. Өндөр хүлээлт дор эхэлсэн үндэсний мөрөөдөл тээсэн мега төсөл гэж хэлж болно. Дорноговь аймагт хэрэгжиж буй боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой, бусад барилга байгууламж ороод төслийн нийт өртөг 1.72 тэрбум ам.долларт хүрсэн. Манай улсын Хөгжлийн банк энэхүү төсөлд нийт 248.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Дэд бүтцийн бэлтгэл ажилд уг санхүүжилт зориулагджээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байгааг дуулгая. Үйлдвэр ашиглалтад орох хугацааг төсөл хэрэгжүүлэгч талууд 2026 он гэж товлоод буй. Эдгээр төслөөс харахад, Хөгжлийн банк “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан чиглэлд онцгой анхаарах, тэрхүү чиглэлүүдэд санхүүжилт олгох сонирхол асар өндөр байгаа нь тов тодорхой юм байна.