Дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай хөгжиж байна. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд эрчээ улам авлаа. Одоогийн байдлаар банк, санхүү, даатгалын үйлчилгээ, Засгийн газар, эрүүл мэнд, газрын тос, байгалийн хий, батлан хамгаалах салбар, тээвэр, логистик, судалгаа-боловсрол, хүний нөөц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, Үл хөдлөх хөрөнгийн салбарт өргөн хэрэглээ болж, хүчээ авч байна. Тэр тусмаа Хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүсэд илүү түгээмэл хэрэглэгдэх болжээ.
2023 онд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү статистик 2024 онд 8.67 тэрбум ам.долларт хүрэх таамаглал байна. 2024-2034 оны хооронд цахим гарын үсгийн хэрэглээ 39.3 хувиар өсөж, 238.42 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэл хэтийн төлөв” тайланд дурджээ.
Цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байна. Тус зах зээл нь салбар, орон зай, ямар үндэстэн эсэхийг үл хамааран өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломжийг олгож байна.
Хойд Америкийн цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 2.82 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд, цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, Засгийн газрын зохицуулалт, гар утасны төхөөрөмжийн хэрэглээ өссөн нь аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг хурдасгав. Үүнээс АНУ-ын цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 1.98 тэрбум ам.доллар, 2024-2034 он хүртэл энэхүү статистик 39.6 хувиар өсөж, 78.57 тэрбум ам.доллар болох аж. Өөрөөр хэлбэл, Хойд Америк нь цахим технологийн хэрэглээ нэмэгдэж, аюулгүй, үр ашигтай баримт бичгийн менежментийн хэрэгцээ, Adobe Inc., DocuSign Inc зэрэг бүс нутагт томоохон тоглогчид байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зах зээлд ноёрхож байна.
Харин Европын цахим гарын үсгийн зах зээл 2024-2034 оны хооронд 34.5 хувиар өсөж, тус бүс нутаг томоохон зах зээлийн нэг болов. Ингэхдээ Герман, Их Британи, Франц зэрэг улсууд зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутагт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, банк, санхүү, даатгал, эрүүл мэнд, Засгийн газар, жижиглэн худалдаа болон онлайн ажил, виртуал уулзалтад өргөнөөр ашиглаж байна.
Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудын Засгийн газрууд тодорхой салбаруудад цахим гарын үсгийг баталгаажуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдгээрийг ихэвчлэн цахим худалдаа, онлайн банк, Засгийн газрын гүйлгээ болон бусад цахим бизнесийн үйл явцад ашигладаг. Тиймээс аюулгүй, хууль ёсны дагуу цахим гүйлгээний эрэлт өсөж байна.