Дэлхий нийтээр өндөр технологийн түүхий эд, тэр дундаа газрын ховор элементийг чухалчлан авч үзэх болсон. Газрын ховор элементийн хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа тул энэхүү элементүүдийн ордуудыг нээж илрүүлэх, гарал үүслийг нь тогтоох зорилготой геологийн шинжилгээ, судалгааны ажил олон улсад эрчимтэй хийгдсээр байна.
Гар утас, автомашин, сэргээгдэх эрчим хүч, дрон, цэнэг хураагуур, хүнд, хөнгөн үйлдвэрлэл бүгд газрын ховор элементийг нэхэх болсон. Ач холбогдол, эрэлт хэрэгцээ нь өсөх тусам зах зээлд өрсөлдөөн улам эрчимжиж байна. Энэ тухай “Mining Week” өнөөдөр онцолж, өндөр технологийн түүхий эдийн өргөн боломжийг тал бүрээс нь хэлэлцлээ.
Өндөр технологийн түүхий эдийн нөөц, боломж, ирээдүйг дэнслээд зогсохгүй батерейн түүхий эдийн хэтийн төлөв, боломжийг ч мөн хөндөн ярилцлаа. Ховор элемент, критикал эрдсийн зах зээл шинэ тутам хэвээр. Өндөр технологийн түүхий эдэд лити, никель, кобальт, батерейн түүхий эд ордог.
Улс орнууд критикал минералд ямар эрдэс түүхий эдийг оруулах эсэхээ ярилцаж, зах зээлийн нөхцөл байдлыг ажиглаж, тандсаар. Манай улсын хувьд газрын ховор элемент, критикал минералын нөөцөө судлах, нарийвчлан тогтоох, геологи хайгуулын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага асар их байна.
Дэлхийн тренд болж газрын ховор элемент, критикал минерал нь олон улсаас хөрөнгө оруулалт татах томоохон боломж гэдгийг “Mining Week-2023” энэ өдөр сонордуулсан юм. Үүний тулд төрийн бодлого, чиглэл маш тодорхой байх ёстой гэдгийг салбарын оролцогчид хэлж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анх удаагаа “чухал ашигт малтмал” гэсэн тодорхойлолтыг манай улс оруулаад байгаа. Бодлого, хууль эрх зүй, татварын орчин л эцсийн мөчид хөрөнгө оруулалтын урсгалыг шийднэ. Энэ утгаараа хүлээлт, харзнах байдал хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд үндсэндээ давамгайлах шинжтэй байна.
Газрын ховор элементийн чиглэлээр, Лугийн гол, Хотгор, Мушгиа худаг, Халзан бүрэгтэй, Цагаан чулуут, Улаан дэл ордуудыг нэрлэхээр байна.
“Өндөр технологийн түүхий эд” сэдвээр үргэлжилсэн өнөөдрийн хуралдаанд “Цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн чиг хандлага”-ыг “ГеоЭнержи Консалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Хаген Гюнтер Юнг тодорхойлсон бол “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Дэлхийд өрсөлдөх Зөөвч-Овоо ураны орд”-ын талаар танилцуулга хийлээ.
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гуравдагч орны хөрөнгө оруулагчтай томоохон хэлэлцээрийн ширээнд сууж эхэлсэн. Тодруулбал, 26 жилийг зарцуулсан Францын төрийн компанийн 66 хувийн эзэмшилтэй “Бадрах Энержи” компани Монгол Улсын Засгийн газарт Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө хүргүүлж, хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Хэлэлцээр үргэлжилж байна.
“Бадрах Энержи” компанийн тодорхойлсноор, Зөөвч-Овоо бол дэлхийн ураны хамгийн том 10 ордын нэг. Монголын эрдэс нөөцийн нэгдсэн санд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан 13 ордод нийт 192 мянган тонн ураны нөөц бүртгэлтэй, хайгуулын 4 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Нөөцийн хэмжээг авч үзвэл, дэлхийн нийт ураны 3.2 хувь нь манай улсад бүртгэлтэй байна.
“Бадрах Энержи” компанийн хувьд 1997 оноос хойш Монголд ураны эрэл хайгуул хийж, хоёр ордыг нээн илрүүлж, нөөцийг тогтоон бүртгүүлсэн. Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордын нөөцийг газар дор уусган олборлох аргаар олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг батлах хүртэл нийтдээ 255 сая ам.долларын хөрөнгө зарцуулж, туршилтын үйлдвэрээ эхлүүлсэн.
Чуулга уулзалтын хүрээнд “Монгол орны стратегийн ашигт малтмалын хэтийн төлөвийн судалгаа”-г танилцуулж, “Боломж бас Эрсдэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнөв.