Уул уурхайн шилдэг инженерүүдийг Монголд бэлдэнэ
2024.10.05
130
Уул уурхайн шилдэг инженерүүдийг Монголд бэлдэнэ
"Рио Тинто Монгол" компани Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг Уул уурхайн 7 хоног арга хэмжээний үеэр нээлээ. Уг институтэд гадаад, дотоодын уул уурхайн мэргэжилтнүүд элсэн орсноор Оюу толгойн уурхайд олон улсын жишигт нийцсэн практик сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
 
Сүүлийн хорин жилд дэлхий даяар уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын тоо мэдэгдэхүйц буурч, өндөр мэргэшсэн боловсон хүчний хомсдол бий болоод буй.
Энэхүү гүний уурхайн практик сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлснээр салбарын ур чадварын дутагдлыг бууруулахын зэрэгцээ, Монголын уул уурхайн салбарыг дэлхий дахинд таниулахыг зорьж байна.
 
Нээлтийн үйл ажиллагааны үеэр уг төслийг санаачлагч Рио Тинтогийн Арилжаа, Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болд “Дэлхийн шилдэг уул уурхайн мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэх болсондоо тун баяртай байна. Рио Тинто групп 15 жилийн өмнө Монголын ирээдүйд итгэж хөрөнгө оруулжээ. Ийн бид ирж буй олон арван жил итгэлт түнш байхаа бататгаж байна” хэмээн онцолсон юм.
 
Институтын сургалтын хөтөлбөр гүний уурхай, гео-техник, уул уурхайн инженерчлэл зэрэг инженерийн суурь агуулгад төвлөрөх бөгөөд сургалт боловсруулах, хүргэх чиглэлээр олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Харин 2026 оноос эхлэн гадаад, дотоодын уул уурхайн компаниуд хандан ажилтнуудаа сургах үүд хаалга нээгдэх аж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.