Монголбанк ирэх жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ тодорхойлж, төслөө УИХ-д өргөн мэдүүлээд байна. 2025 оны мөнгөний бодлого их өгөгдлийн суурь дэд бүтцийг ашиглан банкуудаас ногоон, тогтвортой санхүүжилтийн зээл, түүнтэй холбоотой тоон мэдээллийг цуглуулж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээллийн санг үүсгэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих тогтолцоог үргэлжлүүлэн хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, санхүүгийн салбарт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлно гэсэн үг.
Мөн банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинжилгээний аргачлалыг боловсруулж, туршилтын тогтолцоог эхлүүлнэ гэж үндсэн чиглэлд дурдсан байна.
Монголбанк "Тогтвортой санхүүжилтийн замын зураг"-ийн хүрээнд 2023 онд Банкны байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлалыг боловсруулж батлуулсан. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн банкны салбарт учирч болох нөлөөллийг тооцоолох, банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх стресс тестийн аргачлалыг хөгжүүлэхээр олон улсын зөвлөхүүдтэй ажиллаж эхэлсэн байна.
Банкуудын олгосон ногоон зээл 2024 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 1.2 дахин өсөж, /нэг их наяд төгрөгийг давж/ банкны салбарын нийт зээлийн 3.2 хувийг эзэлсэн байна.