Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 4.8%, ирэх онд 4.5% байх төсөөлөл хэвээр байна гэж Азийн хөгжлийн банк /АХБ/ мэдээллээ.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар сул хэвээр байгаа нь 2024 оны өрхийн зарлагад сөргөөр нөлөөлжээ. Мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжсэний нөлөөгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн, мөн экспорт өссөн нь өрхийн зарлагын бууралтыг тодорхой хэмжээнд нөхсөн байна.
Бүс нутгийн хоёр дахь том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг өнгөрсөн 4-р сард тооцсончлон 2024 онд 7.0%-иар өсөх хэвээр байгаа нь дотоодын эрэлт, тэр дундаа засгийн газрын зардал нэмэгдсэнтэй холбоотой аж.
2024 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайланд энэ оны бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 5.0% байна гэж таамагласан байна. Энэ нь 4-р сард тооцсон байсан 4.9%-иас өссөн төсөөлөл юм. Харин ирэх оны өсөлтийн төсөөллийг 4.9%-д хэвээр үлдээжээ.
Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүдэд АНУ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын хооронд худалдааны хурцадмал байдал даамжрах, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам дордох, геополитикийн хурцадмал байдал хүндрэх, мөн уур амьсгалын өөрчлөлт болон цаг агаарын таагүй үзэгдлүүд түүхий эдийн үнэ, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг асуудлууд багтаж байна.