Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын дотоод эрэлт өндөр, экспортын өсөлт тогтвортой байгааг харгалзан Азийн Хөгжлийн Банк (АХБ) бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөн тооцсон байна. Түүнчлэн, АХБ бүс нутгийн инфляцын төсөөллөө бууруулжээ.
Өнөөдөр нийтлэгдсэн 2024 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайланд энэ оны бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 5.0% байна гэж таамагласан байна. Энэ нь 4-р сард тооцсон байсан 4.9%-иас өссөн төсөөлөл юм. Харин ирэх оны өсөлтийн төсөөллийг 4.9%-д хэвээр үлдээжээ. Түүнчлэн, хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын инфляцын түвшин 2024 онд 3.2% байхаар таамаглаж байсныг 2.8% болгож бууруулан тооцсон байна.
Эдийн засгийн төлөв байдал сайжирч байгаа нь Зүүн Ази, Кавказ, Төв Ази, Номхон далайн улс орнуудад хүлээлтээс давсан эдийн засгийн тэлэлт явагдаж байгааг илтгэж байгаа юм. Хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөс үүдэлтэй хагас дамжуулагчийн эрэлт дэлхий дахинд эрчимжиж байгаа нь экспортыг нэмэгдүүлж байгаа бол дэлхий хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, хатуу мөнгөний бодлогын нөлөө хожуу илэрсний улмаас инфляц цар тахлын өмнөх түвшинд ойртож байна.
“Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайн байгаа нь энэ онд болон ирэх онд өсөлт үргэлжлэх суурь нөхцөл болно. Инфляц цаашид буурч, Америкийн Нэгдсэн Улс (АНУ) мөнгөний бодлогоо зөөлрүүлснээр санхүүгийн нөхцөл байдал сайжрахаар байгаа нь тус бүс нутгийн эдийн засгийн эерэг төлөвийг дэмжинэ" хэмээн АХБ-ны ахлах эдийн засагч Альберт Парк онцлов.
Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүдэд АНУ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын хооронд худалдааны хурцадмал байдал даамжрах, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл улам дордох, геополитикийн хурцадмал байдал хүндрэх, мөн уур амьсгалын өөрчлөлт болон цаг агаарын таагүй үзэгдлүүд түүхий эдийн үнэ, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг асуудлууд багтаж байна.
Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 4.8%, ирэх онд 4.5% байх төсөөлөл хэвээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар сул хэвээр байгаа нь 2024 оны өрхийн зарлагад сөргөөр нөлөөлсөн. Мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжсэний нөлөөгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн, мөн экспорт өссөн нь өрхийн зарлагын бууралтыг тодорхой хэмжээнд нөхсөн.
Бүс нутгийн хоёр дахь том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг өнгөрсөн 4-р сард тооцсончлон 2024 онд 7.0%-иар өсөх хэвээр байгаа нь дотоодын эрэлт, тэр дундаа засгийн газрын зардал нэмэгдсэнтэй холбоотой юм.
Кавказ болон Төв Азийн зарим улсуудад мөнгөн гуйвуулгын нөлөөгөөр дотоодын эрэлт сайжирсан тул тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн 4-р сард тооцсон байсан 4.3%-иас өсгөн 4.7% болгожээ.
Жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 4-р сард тооцсон байсан 3.3%-иас нэмэгдүүлэн 3.4% болгон шинэчилсэн. Төсвийн хөрөнгө оруулалт буурсан, экспортын сэргэлт таамаглаж байснаас удааширсантай холбогдуулан Зүүн өмнөд Азийн өсөлтийн төсөөллийг 0.1 нэгж хувиар бууруулж 4.5% болгосон.