Монгол, Япон газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллана
2024.09.15
189
Монгол, Япон газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллана

Монголын газрын ховор элементийн үндэсний корпорац (МНРИК) болон Японы Металл ба эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (JOGMEC) өнгөрсөн 8 сарын 20-нд газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөлд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн билээ. Харин талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолоо 9 сарын 10-нд тохиосон бөгөөд тус ёслол Халзан бүрэгтэй төслийн Урьдчилсан ТЭЗҮ дуусах үетэй давхцаж буйг дуулгахад таатай байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд…
  • Талууд Халзан бүрэгтэйн ордод олборлолт хийх стратегийг илүү боловсронгуй болгох, ордын төслийн менежментийг сайжруулахаар туршлага солилцож, цаашлаад, JOGMEC-н оролцоотойгоор төсөлд хөрөнгө оруулагчдыг татах, төслийн үйл ажиллагааг хурдасгахад чухал дэмжлэг үзүүлэх юм.

Танилцъя: Газрын ховор элементийн төсөл
 
МНРИК ХХК 2012 оноос Ховд аймгийн Мянгад сумын нутагт ГХЭ-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлж буй. Халзан бүрэгтэй нь 100% Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд NI43-101 стандартад нийцсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн шатанд явж байгаа Монголын цор ганц ГХЭ-ийн төсөл билээ. Сонирхуулахад, ГХЭ бол гар утасны дэлгэцээс эхлээд EV, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр зэрэгт ашигладаг ногоон технологийн гол түүхий эд болох 17 элементийн бүлэг юм. 
 
Компани ирэх 10-р сарын дундуур эцсийн ТЭЗҮ-г боловсруулж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2026 оны эхний улиралд бүрэн дуусгах төлөвтэй байна.
 
JOGMEC-н тухай
 
JOGMEC 2004 онд Японы үндэсний газрын тосны корпорац болон Японы Металл уурхайн агентлагийг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тус компани нь Японы газрын тос, байгалийн хий, өнгөт металл, ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, нөөцийн  аюулгүй байдлыг хангах зорилгоор үүсгэн байгуулагдаж өдийг хүртэл тус чиглэлд ажиллаж байгаа. Өдгөө Африк, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази, Австрали хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлээд буй.
  • Чухал: Өмнө нь дурдсанчлан JOGMEC Японы эрчим хүч, нөөцийн стратегид зайлшгүй шаардлагатай компани тул эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, чухал металлын нөөцийг удирдах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг туршлагатай компани билээ. 

МНРИК ХХК-ийн шинэ хамтын ажиллагааны тусламжтайгаар Халзан бүрэгтэй ордын олборлолт, менежмент сайжрахын сацуу Монголын уул уурхайн салбарт шинэ төрлийн бүтээгдэхүүн олборлох буюу нэмүү өртөг шингэсэн ГХЭ-ийн нийлмэл исэл экспортлох амбицыг нэг шатаар ахиулсан үйл явдал боллоо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.