Газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгана
2024.09.14
151
Газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгана
Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна.
 
Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.
 
Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил үргэлжилж байна.
 
Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ.
 
Өнөөдрийн байдлаар 430 км хоолой гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.