Алтны үнэ ахин өсөх хүлээлттэй байна
2024.08.26
243
Алтны үнэ ахин өсөх хүлээлттэй байна

АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн Жэром Пауэл "Бодлогын хүүг бууруулах цаг нь болсон" гэж мэдэгдсэн. Түүний байр суурь алтны зах зээлд том хүлээлт үүсгэж орхив. Удаан хугацааны турш буюу 2020 оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ огт бууруулаагүй Америкийн төв банк өндөр инфляцын дарамт буурч байгааг онцолсон. Тиймээс азнаж ирсэн бодлогын хүүгээ ирэх сараас бууруулах нь баттай болоод байна. Энэ нөлөө алтны салбарт илүү тод ажиглагдаж, унц нь 2500 ам.доллар давлаа. Алтны үнэ ахин өсөх нөхцөлийг АНУ-ын Холбооны нөөцийн банкны шийдвэр бүрдүүлэх таамаг ч хөвөрч эхэллээ. Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд шар металлын ханш үргэлж байж ирсэн.

Алтны үнэ энэ он гарсаар 21 хувиар чангарч, түүхэн дээд цэгтээ хүрсэн. Өнгөрсөн жил алтны ханш 16 хувиар өссөн. Дэлхийн нэр хүнд бүхий зарим санхүүгийн байгууллага, шинжээчид дор бүрнээ алтны үнийн төсөөллөө өнөө шинэчилж, ахиуллаа. “Goldman Sachs” алтны үнийг 2700 ам.доллар болгон нэмэгдүүлсэн бол Citigroup 3000 ам.доллар давна гэсэн өөдрөг төсөөлөл танилцуулсан удаатай. АНУ мөнгөний бодлогоо зөөлрүүлэх тухай яриа хүчтэй үүссэн нь алтны үнэ дахин цойлох үндсэн шалтгаан болж байна.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.