Улаанбаатар хотоос 145 км зайд буюу Төв аймгийн Баянцагаан сумын нутагт “Чулуут цагаан дэл”-ийн хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийг “Монголчехметалл” ХХК ашиглалтад орууллаа.
Тус компани нь 1982 оноос өнөөг хүртэл тус уурхайгаас хайлуур жоншны хүдэр олборлон, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ОХУ болон БНХАУ-д экспортолж ирсэн.
Эрдэс баялгийг хаягдал багатайгаар иж бүрэн ашиглах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг 2019 оноос зорьж, жилд 200 мянган тонн, өдөрт 800 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үндэсний хөрөнгө оруулалттай баяжуулах үйлдвэрийг гурван жилийн туршж барьж ашиглалтад оруулж, нээлтээ есдүгээр сарын 30-нд хийлээ.
Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 100 гаруй ажлын байр шинээр бий болж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үр ашиг тэр хэрээр нэмэгдэх, орон нутгийн иргэд, залуучуудыг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дагасан бэлтгэн нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээ өргөжих, эдийн засгийн чадамж, дэд бүтэц сайжрах боломжууд нээгдэх юм.
Баяжуулах үйлдвэрийн төсөлд баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх техник технологи нэвтрүүлснээр усны хэрэглээг багасгаж, түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьсон байна. Тодруулбал, усыг маш бага ашиглаад түүнийгээ дахин 86 хувь хүртэл хэрэглэдэг технологийг сонгожээ.
Үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг бусад эрдсүүдтэй хольж, барилгын материал үйлдвэрлэх, улмаар орон нутгийн хэрэгцээг хангах судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байгаа аж. Төслийн ажилд нийт 17 орчим компани, бригад, 190 гаруй инженер техникийн ажилчид оролцжээ.