Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Монголын эдийн засгийн чуулган онцолно
2024.07.09
277
Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Монголын эдийн засгийн чуулган онцолно

Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн салбар хуралдаанаар Чөлөөт худалдааны хэлэлцээр тойрсон хэлэлцүүлэг өрнөх юм. Манай улсын гадаад худалдааны ашиг нь зөвхөн уул уурхайн экспортоос ихээхэн хамааралтай, хэрэглээний бараанд импорт зонхилсон. Ийм нөхцөл байдалд Засгийн газраас экспортыг төрөлжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх зорилгоор хөрш орнууд болон гуравдагч орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. 
 
Одоогийн байдлаар Монгол Улс нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн хүрээнд нийт 3 тэрбум орчим хэрэглэгчтэй БНХАУ, БНСУ, Энэтхэг, Лаос, Бангладеш, Шри-Ланка зэрэг орнуудын зах зээлд 10,000 гаруй бараанд, GSP+-ийн хүрээнд Европын холбооны нэгдсэн зах зээлд 7,200 гаруй бараанд, мөн Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 9,300 орчим бараанд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтой байна. Эдгээр боломжуудыг бүрэн ашиглахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ худалдааны гарцыг тэлэх хүрээнд ОХУ, БНХАУ болон БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг хийж эхлүүлээд байгаа.

Тухайлбал, ОХУ-ын зах зээлд экспортлох хөдөө аж ахуйн гаралтай 375 төрлийн барааг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх Чөлөөт худалдааны түр хэлэлцээр, БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2024 онд эцэслэн байгуулах хүлээлт байна. Түүнчлэн БНХАУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг 2024 онд багтаан эхлүүлэх төлөвлөгөө байгаа юм. 

Чөлөөт худалдааны хэлэлцээр нь улс хоорондын бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтад тулгарч буй саад тотгорыг арилгах буюу татварын таатай нөхцөлөөр, хялбаршуулсан гаалийн бүрдүүлэлтээр гадаад зах зээлд нэвтрэх давуу талыг олгож, үр дүнд бараа эргэлт хурдсаж, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, хувь хүн болон хувийн хэвшлийнхэнд бизнесээ тэлэх, хөрөнгө оруулалт хийх шинэ боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл энэхүү олон улсын гэрээг ашиглан Монголын экспортын бараа гадаад зах зээлд саадгүй нэвтрэх, гадаад улсаас авах импортын барааны үнэ хямд, чанартай байх нөхцөлийг бүрдүүлэх ба цаашлаад олон улс, бүс нутгийн интеграцид нэгдэх замаар Монголын гарал үүсэлтэй бараа, үйлчилгээ дэлхийн зах зээлд шууд нэвтрэх боломж бүрдэх юм.

Дээрх хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хил дамнасан суурь дэд бүтэц, тээвэр, логистикийг хөгжүүлэх хүрээнд Ази, Европыг дэд бүтцээр холбож, улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг нийт 33 төсөлтэйгөөр хэрэгжүүлэхээр нэгдсэн тохиролцоод байна.

Хоёр өдрийн турш үргэлжилж буй Монголын эдийн засгийн чуулган нь дөрвөн нэгдсэн хуралдаан, 14 салбар хуралдаанаас бүрдэж байна. Чуулганы арга хэмжээ гурван байршилд нэгэн зэрэг үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд нийт 2000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, төр, хувийн хэвшлийнхэн оролцож байна.  

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.