Монголын эдийн засгийн чуулган 11 дэх удаагаа “Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia” уриан дор Төрийн ордноо хоёр дахь өдрөө өнөөдөр үргэлжилнэ. Эдийн засгийн чуулган нь дөрвөн нэгдсэн хуралдаан, 14 салбар хуралдаанаас бүрдэж байгаа бөгөөд гурван байршилд нэгэн зэрэг салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганд нийт 2000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, төр, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид оролцож буй.
Эхний өдрийн чуулганаар Бүсчилсэн хөгжлийн бодлого-Хөрөнгө оруулалт, Хөдөөгийн хөгжил ба хоршоо, Эрчимжсэн мал аж ахуй, Тээврийн дэд бүтэц, Аялал жуулчлал, Хотын хөгжил, Уул уурхай-Чухал ашигт малтмал, Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл буюу эвлэрүүлэн зуучлах гэсэн сэдэвт салбар хуралдаанууд өрнөсөн бол өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө санхүүгийн зах зээл, Банкны салбарын хөрөнгө оруулалт, Дижитал засаглал ба дижитал эдийн засаг, Үндэсний баялгийн сан, Чөлөөт худалдааны хэлэлцээр сэдвээр оролцогчид үргэлжлэн чуулах юм.
"Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.