Нүүрсний үнэ яах вэ
2024.05.10
757
Нүүрсний үнэ яах вэ
Манай улс энэ онд нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Биет хэмжээний хувьд дөмөгхөн санагдаж болох хэдий ч төсөвт төвлөрөх орлого 2023 оны түвшинд хүрэх болов уу. Үүнд хариулт эрэв.

Монголын эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлох уул уурхайн түүхий эдүүдийн нэг нь нүүрс. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспортын биет хэмжээ өсөлттэй, зах зээлийн үнэ ханш өндөр, тогтвортой байсан нь эдийн засгийн өсөлтийг эргэн авчирсан. 2023 оныг авч үзэхэд, нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшнээс давж, Монгол Улс түүхэндээ анх удаа 67 сая тоннд хүрч, нийт экспортын орлого 21 хувиар өссөн билээ.

2008 оноос хойш алдагдалтай байсан урсгал тэнцэл үр дүнд нь өнгөрсөн онд ашигтай гарч, төлбөрийн тэнцэл эерэг болж, гадаад валютын улсын албан нөөц өнгөрсөн оны эцэст 5 тэрбум ам.долларт дөхөж ирсэн. Эдгээр амжилтууд энэ онд давтагдах уу, амжилтаа бид дахин баталгаажуулж чадах болов уу. Үүний гол хариулт нь нүүрсний экспорт, түүний зах зээлийн үнэ цэн.

Одоо нөхцөл байдал: 

Манай улс энэ онд нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Биет хэмжээний хувьд дөмөгхөн санагдаж болох хэдий ч төсөвт төвлөрөх орлого 2023 оны түвшинд хүрэх болов уу. Үүнд хариулт эрэв. 2024 оны эхний 4 сарын байдлаар нүүрс экспорт биет хэмжээгээр чамлахааргүй үр дүн үзүүлж, 25 сая тоннд хүрээд байна. Харин нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан экспортын орлого  өмнөх оны үетэй харьцуулахад 73.6 сая ам.доллараар буурсан байна. 

Зах зээлийн салхи:

Олон улсын энергийн агентлагийн үзэж байгаагаар дэлхийн хэмжээнд нүүрсний эрэлт 2024 оноос эхлэн 2026 он хүртэл буурах хандлагатай байна. БНХАУ-ын Ганцмод боомт дээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн коксжих нүүрсний үнэ 2020 онд 859 юань/тонн, 2021 онд 1683 юань/тонн, 2022 онд 1870 юань/тонн, 2023 онд 1322 юань/тонн байсан. Цаашид эрэлт, нийлүүлэлтийн хамаарлаас үзэхэд коксжих нүүрсний үнэ өнөөгийн түвшнээс бага зэрэг бууралттай байх прогнозтой байна. Статиста компанийн гаргасан судалгаагаар коксжих нүүрсний үнэ 2023 оноос 2026 он хүртэл 26 хувь унаж, харин 2027 онд 3 хувиар өснө гэж үзсэн байна. 

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл энэ онд 4 орчим хувиар буурна гэсэн хүлээлт бий. Үүнийг тус улсын Төмөрлөгийн аж үйлдвэрийн төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс зарласан. Өмнөд хөршийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт барилга, бүтээн байгуулалтын салбарт ч өөрийн сүүдрээ хамгийн ихээр унагаж буй. Нүүрсний үнэ тогтвортой байх итгэл найдвар нь эрчим хүчний шилжилт. Гангийн эрэлт хэрэгцээг хадгалах салбар урд хөршийн хувьд эрчим хүч гэдэг ихэд тодорхой болсон. 

2023 онд юу болсон бэ:

Эргэн сануулахад Хятадын зах зээлийн тэнгэр ивээж, Монголын заяа хичээсэн жил бол 2023 он байв. Өнгөрсөн онд Хятадын нүүрсний эрэлт 220 сая тонн, Энэтхэг 98 сая тонн, Индонез 23 сая тонноор өссөн бол Европын холбоо 107 сая тонн, АНУ 95 сая тонноор буурсан. 2023 оны байдлаар нийт нүүрсний үйлдвэрлэлийн 87 хувийг эрчим хүчний зориулалттай нүүрс эзэлсэн. БНХАУ өнгөрсөн онд 102 сая тонн коксжих нүүрс импортолсны 54 сая тонныг Монгол Улс нийлүүлсэн. Энэ үзүүлэлт нь Монгол Улсын коксжих нүүрсний экспортын хувьд 2022 онтой харьцуулахад 99.7 хувиар өсөж түүхэн дээд амжилт болсон юм. 

mine_coal 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.