Д.Үүрийнтуяа: Үйлдвэр технологийн паркийг дагаж 1587 ажлын байр бий болно
Д.Үүрийнтуяа: Үйлдвэр технологийн паркийг дагаж 1587 ажлын байр бий болно

 Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хойд бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хүрээнд салбар бүрийн эрдэмтэн, мэргэжилтнүүд, орон нутгийн иргэд оролцсон “Хойд бүсийн хөгжлийн форум” Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ.

Бүсийн хөгжлийн үзэл баримтлал, бодлогын баримт бичигт санал авах зорилготой энэхүү форумыг "Хойд бүсийн хөгжлийн төв" ТББ санаачлан Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. 

Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжүүлэх механизмыг хэрхэн боловсронгуй болгох, бүс, орон нутгийн салбар хоорондын уялдаа холбоог нягтруулах, хөрш улсуудын болон бүс нутгийн онцлогтой эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгалийн нөөц, газар нутгийн даац, чадавхыг улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилгын хүрээнд бүрэн ашиглах зарчим шалгуурыг үндэс болгосон хөгжлийн бодлогоо энэ өдөр хэлэлцлээ.

Хойд бүсэд Хөвсгөл, Орхон, Булган аймгууд багтдаг. 

Байгалийн нөөц, тэр дундаа цэвэр усны нөөцийг хамгаалах тогтолцоотой, дэд бүтэц сайтай, бүх төрлийн тээвэрлэлт, дамжин өнгөрүүлэх багтаамж сайтай, олон талт эдийн засаг, нийгмийн, соёлын цогцолбор олон, байгалийн зохистой нөөцөд суурилсан санхүүгийн хөрөнгийн урсгалыг татах чадвар өндөр гээд эерэг үзүүлэлтүүд хойд бүсэд бий.

Үүний зэрэгцээ хүн амзүйн бодлого алдагдсан, ахуйн шинжтэй болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй шилжилт ихэссэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, байгалийн хүчин зүйлийн нөлөөнд автах эрсдэл өндөр гээд сөрөг үзүүлэлтүүд ч олон байгааг чуулганд оролцогчид онцолж, хөгжих боломжийн гарцаа тодорхойллоо. 

“Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа "Хойд бүсийн хөгжилд Орхон аймгийн оролцох оролцоо, тулгуур зарчим нь хүнд аж үйлдвэрийн цогцолбор, цаашлаад тус цогцолбор нь Эрдэнэт үйлдвэрт тулгуурлаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Хүнд аж үйлдвэрийн цогцолбор нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн-Овоо ордод түшиглэн, Үйлдвэр технологийн  паркад хэрэгжих томоохон төслүүдээр дамжих, улмаар хойд бүсийн нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэж тооцож байгаа. Нөгөө талдаа Монгол Улсын эдийн засгийн тулгуур уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар ямар чиглэлээр хоршиж, ямар чиглэлээр дагнаж ажиллах талаарх бодлого хойд бүсэд хэрэгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх аж үйлдвэржилтийн суурь нь Эрдэнэт үйлдвэр, харин хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх суурь боломж нь Булган, Хөвсгөл аймгуудад байгаа юм. Иймд газар тариалан, мал аж ахуй хөгжсөн, малын тоогоор Монгол Улсад тэргүүлдэг энэ бүс нутгаас гарч байгаа малын гаралтай түүхий эдийн нөөцөд тулгуурласан хөнгөн, хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэх замаар хүнд аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэлийн хоршлыг хангах нь эдийн засгийн болоод орон нутгийн хөгжлийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах хөгжлийн концепци. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олны төлөөлөл уг хөгжлийн бодлого, чиглэлд өөрсдийн санал санаачлагыг тусгах ажлыг өнөөдөр хийлээ" гэв. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.