Боомтын сэргэлт уул уурхайн салбарт хамгийн их эерэг нөлөө үзүүлж байна
2024.03.26
460
Боомтын сэргэлт уул уурхайн салбарт хамгийн их эерэг нөлөө үзүүлж байна

Боомтыг хөгжүүлэх шийдлүүдэд харилцан санал солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэх, нэгдмэл байр суурьтай болох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх "Боомтын сэргэлт-2024" үндэсний форум Шангри-Ла зочид буудлын хурлын Их танхимд үргэлжилж байна.

Форумд эдийн засгийн тулгуур салбарын нэг, төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлэх уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, экспорт, ирээдүйн чиг хандлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга танилцуулж, ээлжит хэлэлцүүлгийн зочноор оролцсон юм. Боомтын сэргэлт уул уурхайн салбарт үр нөлөө нь хамгийн ихээр гарч, улс орны эдийн засагт шууд мэдрэгдэж байгаа.

Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн үзүүлэлт юм. Үүнийг чуулганы эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. 

434176039_761600762600778_7582333275584435176_n 

"Боомтын сэргэлт-Аж ахуйн нэгжүүд: Боломж" хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, Монголын Логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд, "Монголиан Транс Лайн" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Баяржаргал нар панелистаар уригдлаа. 

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга "Боомтын үйл ажиллагаа ашигт малтмал, уурхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс хоорондын уялдаа холбоо, нэгдсэн ойлголт маш сайн хоршиж байж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, улмаар ашигт малтмалын татвараас төсөвт орж ирэх орлого нэмэгдэнэ, ингэснээр баялгийн сангийн үндэс суурь бэхжинэ" гэв. 

 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.