“УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ” ЕСДҮГЭЭР САРЫН 16–18-НД БОЛНО
3 Цагийн өмнө
114
“УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ” ЕСДҮГЭЭР САРЫН 16–18-НД БОЛНО

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд тав дахь жилдээ зохион байгуулагдана.

Энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй & олон улсын түншлэл” үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдана. Дэлхийн эрчим хүчний шилжилт эрчимжиж, эрдэс түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын чиг хандлага өөрчлөгдөж буй энэ үед Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүч болон уул уурхайн уялдаа, нүүрсний салбарын тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааг голлон хэлэлцэнэ.

            Жилээс жилд цар хүрээгээ тэлж буй “Уул уурхайн 7 хоног” нь төр, хувийн хэвшил, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын болон санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, уул уурхайн компаниуд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод, салбарын мэргэжилтнүүдийг нэг дор холбодог Монголын эрдэс баялгийн салбарын томоохон нэгдсэн арга хэмжээ юм.

            Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын болон санхүүгийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан нийт 15 салбар хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт зохион байгуулагдана. “Эрчим хүчний шилжилт-Ногоон шилжилт & эрдэс баялгийн хөрөнгө оруулалт”, “Ногоон эрчим хүчний шилжилт: Монгол Улсын байр суурь, шийдвэр”, “Уул уурхай ба эрчим хүчний ирээдүйг холбох нь”, “Монголын нүүрсний салбарын уулзалт 2026: Сорилт & ирээдүй” зэрэг үндсэн хуралдаанаас гадна хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, геологи хайгуул, хүний нөөц, тогтвортой хөгжил, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоо зэрэг чухал асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөж байна.

            Энэ онд Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хэрэгжиж эхэлсний 20 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд МУУҮА нь “Төлсөн авснаа нийтэл” (ТАН) эвсэлтэй хамтран 20 жилийн хэрэгжилтийн туршлага, сургамжид үндэслэсэн практик зөвлөмжийг Уул уурхайн 7 хоногийн үеэр олон нийтэд хүргэнэ.

Мөн Канадын Уул уурхайн ассоциацийн төлөөлөл оролцож, “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандартын сургалт зохион байгуулж, Олон талт зөвлөлийн үйл ажиллагаа, оролцооны талаар танилцуулах уулзалт хийнэ.

            Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, технологийн шинэчлэл, эрчим хүчний шилжилтэд тулгуурлан өөрчлөгдөж буй энэ үед Монгол Улсын хувьд байгалийн баялгаа хариуцлагатай ашиглах, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. “MiningWeek & MinePro 2026” нь эдгээр асуудлыг хэлэлцэж, салбарын ирээдүйн хөгжлийн чиглэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлоход чиглэнэ.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.