Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн захиргаанаас ажилтнуудынхаа гэр бүлийг ажлын байрандаа урьж, аав ээж, хань ижил нь хэрхэн хөдөлмөрлөж байгааг танилцуулах өдөрлөгийг хэсэг тус бүр дээр цувралаар зохион байгуулжээ. Өдөрлөгийн үйл ажиллагаа өчигдөр, цехийн Технологийн тээврийн авто машин засварын хэсэгт үргэлжилж, тус хэсгийн 60 гаруй ажилтны ар гэрийнхэн үйлдвэрийн бүсэд зочилж, ажлын нэг өдөртэй нь танилцсан байна.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, тэр дундаа Авто тээврийн цехийн ажилтнууд, тээвэрчид ямар нөхцөлд хэрхэн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг бүхий л үйл явц нь баялаг бүтээх үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулж буйг гэр бүлийнхэнд нь үзүүлж танилцуулах, ойлгуулахад өдөрлөгийн гол зорилго чиглэдэг. Өөрөөр хэлбэл, ажлын байранд ажилтан хүн өндөр бүтээмжтэй, тайван ажиллаж хөдөлмөрлөхөд ар гэрийнхний зүгээс ямар туслалцаа дэмжлэг, үүрэгтэй байж болохыг ойлгуулах нөлөөллийн ажил гэдгийг тус хэсгийн Мотор агрегатын мастер Т.Ганболд онцолжээ.
Технологийн тээврийн авто машин засварын хэсгийн ажилтнуудын гэр бүл, үр хүүхдүүдийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрт зочлохдоо баримтлах хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зааварчилгаа авч, Ил уурхай, Авто тээврийн цехийн засварын хэсэг, авто машины гарааштай танилцсаны дараа өөр өөрсдийн гэр бүлийн гишүүний ажлын байр, өрөөгөөр зочилж уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, үйл ажиллагааны талаар сонирхолтой мэдээлэл авч, мэдлэг нэмсэн байна.
Авто тээврийн цехийн хүнд даацын авто машины гараашны авто ачигчийн оператор Ж.Мөнхбатын гэргий С.Батдаваа уг гэр гэр бүлийн өдөрлөгийн талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа, “Маш сайхан үйл ажиллагаа болж байна. Өмнө нь ханийнхаа ажлын газартай танилцаж үзээгүй. Хүнд хөдөлмөр эрхэлж буй ханийнхаа гэртээ амарч байх цаг үед нь аль болох тайван амрааж, амт чанартай халуун хоол цай, халамжаар тэтгэж, ажлаа амжилттай хийж гүйцэтгэхэд нь ар гэр, гэргий хүний үүргээрээ илүү сайн дэмжих ёстойг ахин дахин бодож байна. Тэр тусмаа шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс эрүүл мэндийн хувьд бүр илүү онцгой анхаарч, тус дэм болох тухай гэр бүлийн зөвлөмж зөвлөгөө нь их сайхан санагдлаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан цехийн удирдлага, зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье” гэжээ.
Тус цехийн ажилтан Наранбаатарын Анударь охин аавынхаа ажил дээр ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа ярьж, “Эрдэнэт үйлдвэрийн талаар олон удаа сонсож байсан ч биечлэн ирж байгаагүй. Өнөөдөр хамгийн гол бодогдсон зүйл гэвэл, энд ажиллаж байгаа бүх хүн маш том хариуцлагын өмнө хичээн хөдөлмөрлөж байгаа нь хүндэтгэмээр санагдлаа. Тэдний нэг эд эс нь болж, бас бидний төлөө сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа ааваараа маш их бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ