Монгол Улс зэсийн баяжмалаа түүхийгээр экспортлох бус, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын хүрээнд уг төслийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хэрэгжүүлж буй.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон технологийн холбогдох баримт бичгүүд батлагдсан.
Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан, 2027 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой 20 гаруй улсын 55 компанид мэдээлэл хүргүүлснээс долоон улсын 13 компани санал ирүүлсэн.
Үе шаттай сонгон шалгаруулалтын үр дүнд БНХАУ-ын NFC компанийг стратегийн хөрөнгө оруулагчаар сонгож, хөрөнгө оруулагчтай санхүүжилт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна.