Ж.Энхбаяр: Гашуунсухайт боомт дахь 6 замын уулзварын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэнэ
15 Цагийн өмнө
141
Ж.Энхбаяр: Гашуунсухайт боомт дахь 6 замын уулзварын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэнэ
Гадаад валютын улсын нөөц 2026 оны 9 дүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар өнөөдөр (2026.10.07) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ хүрээнд экспортын нөхцөл байдал, Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин өсөж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөөд байна.

Экспортын орлогод уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмалын экспортын өсөлт голлон нөлөөлсөн хэвээр байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээнүүд хэрэгжүүлсний үр дүнд 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг оны эхний 9 сард 100 хувь хангаад байна. Уул уурхайн экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 15.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар өслөө.

Тодруулбал, нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар, зэсийн баяжмалын экспорт 7.1 тэрбумд хүрч, 79 хувиар тус тус өсөв. Уул уурхайн бус экспорт 776 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөөд байна. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд экспортын орлого өссөнөөр гадаад валютын улсын нөөц 2026 оны 9 дүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байна.

Гааль, хилийн боомтын үйл ажиллагаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын 250 км автозамыг ашиглалтад оруулж, уул уурхайн биржээр арилжаалсан нүүрсийг хилээр тэргүүн ээлжинд нэвтрүүлэх ажлуудыг гүйцэтгэсэн байна.

Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-үүд боомтуудад ухаалаг гарц, шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулж, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг 100 хувь цахимжуулж, цаасан баримтаас татгалзах ажлууд хэрэгжсэн нь экспортын өсөлтөд гол нөлөө үзүүлжээ. Цаашид, Гашуунсухайт боомт дахь 6 замын уулзварын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, Шивээхүрэн-Сэхэ боомтын хил холболтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Бичигт-Булган боомтуудад ухаалаг гарц, шинжилгээний лабораторийг суурилуулах, гадаад худалдааны цахим нэг цонх системийг бүрэн нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж мэдээлэв. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.