Монгол Улсын өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг нэвтрүүлдэг Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэх бүтээн байгуулалттай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга болон УИХ-ын гишүүд, холбогдох албаныхан танилцлаа.
Замын-Үүд боомтын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 12-нд эхлүүлж байсан бол өнөөдөр эдийн засгийн гол зангилаа болсон боомтын барилгын ажил бүрэн дуусч, албан ёсоор нээлээ.
Замын-Үүд боомтын Зорчигч тээврийн хэсэгт 30, Ачаа тээврийн хэсэгт 28 барилга, дэд бүтцийн цогц байгуулалт хийгдсэн байна.
”Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай 8, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгджээ.
Өдөрт 20,000 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Замын-Үүд боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан. Одоо 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдэж, зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал 5 дахин нэмэгдэж байна.
Зорчигч тээврийн хэсэг ашиглалтад орсноор импортын нэвтрүүлэх хүчин чадал өмнө нь 8 эгнээ байсан бол 20 эгнээ болж 2.5 дахин, экспортын нэвтрүүлэх хүчин чадал урьд 4 эгнээ байсан бол 24 эгнээ болж 6 дахин өссөн байна.
Шалган нэвтрүүлэх танхим, цайны газар, кофе шоп, татваргүй барааны дэлгүүр, хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөө, нийтийн бие засах газар, хурлын өрөө, тусгаарлах өрөө, хяналт шалгалтын хэсэг, явган хүний зам талбай, тээврийн хэрэгслийн зам талбай зэрэг 30 обьект ашиглалтад орсон байна.
Ачаа тээврийн цогцолборын хүрээнд нийт 14.9 га талбайд барилга байгууламж баригдаж, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, автозам талбай, явган зам, ногоон байгууламж бүхий 10.5 га талбай бүхий бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэж ачаа тээврийн цогцолборын барилга угсралтын ажил дууссан байна.
Ачаа тээврийн хэсэг ашиглалтад орсноор том оврын ачаа тээврийн импортын нэвтрүүлэх хүчин чадал урьд 3 эгнээ байсан бол 23 эгнээ болж, 7.7 дахин, экспортын нэвтрүүлэх хүчин чадал өмнө нь 2 эгнээ байсан бол 5 эгнээ болж, 2.5 дахин өссөн бөгөөд том оврын 1200 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болсон байна.
Ирэх сарын 1-ний өдрөөс Замын-Үүд боомтыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллаж эхлэх юм. Ингэснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, бараа, бүтээгдэхүүн, зорчигчийн урсгал саадгүй нэвтрэх, цаг хугацаа хэмнэх, үнэ тогтворжих нийгэм, эдийн засгийн шууд болон шууд бус эерэг үр нөлөө үзүүлэх юм.
Монгол, Хятадын хооронд хийж байгаа худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын зорилтын хүрээнд Замын-Үүд боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор талууд 32 жилийн дараа ийнхүү тохиролцож, энэ нь түүхэн шийдвэр болж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд 32 жилийн дараа ийнхүү биелэлээ олж байна.