Беларус Улс Монгол Улстай геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нь Бүгд Найрамдах Беларус Улсын Байгалийн нөөц, байгаль хамгаалал хариуцсан дэд сайд Виктор Галановыг хүлээн авч уулзав.
Дэд сайд Виктор хэлэхдээ “Беларус Улс Монгол Улстай харьцуулахад эрдэс баялаг, харьцангуй бага ч гэсэн 50 гаруй уул уурхайн түүхий эд олборлож, эдгээрийн ихэнхийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулдаг” гэв. Тэрээр цааш нь Беларус Улс Монгол Улстай геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: “Манай хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замын зураглал гарган, зураглалын дагуу уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад их талархалтай байгаагаа илэрхийлж, хоёр улс геологийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой” гэдгийг дурдав.
Дэд сайд Виктор “Беларус Улс нь уурхайн олборлолтын тоног төхөөрөмжөөс гадна боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг олон төрлөөр үйлдвэрлэж, гадагш нь нийлүүлдэг учраас Монгол Улсын АҮЭБЯ болон аж ахуй нэгжүүдийг тус улсад зочилж, үйлдвэрүүдтэй танилцахыг” урив.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Беларус Улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон уул уурхайн компаниудыг 9 дүгээр сарын 16-18 хооронд зохион байгуулагдах Mining Week &Mine Pro арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урив.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам